Гомдол
"Because I am a girl” охидын оролцооны чуулган боллоо

"Because I am a girl” охидын оролцооны чуулган боллоо

2025.10.11 89
Сонсох

“Монголын сайн дурынхны төв” ТББ-ын санаачилгаар гурав дахь жилдээ “Because i am a girl” чуулган өнөөдөр /2025.10.09/зохион байгуулагдлаа.

Чуулганы нээлтийн арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид оролцож, “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр төрөхөөсөө адил нэр төртэй, тэгш эрхтэй байдаг” хэмээн онцлоод, “хүний ялгаатай нөхцөл байдлаас шалтгаалан бүлэг бүрт тулгамдаж буй хүний эрхийн асуудал өөр өөр байдаг. Үүнд нийцсэн бодлого боловсруулж, үр дүнтэй шийдэл гаргах замаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, хамгаалах нь зүйтэй гэв.

Мөн тэрээр “Охидын сурах, хөгжих, мөрөөдлөө биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, гэр, сургууль, гудамж, олон нийтийн орчинд аюулгүй, чөлөөтэй орчныг бий болгох нь бидний үүрэг. Хэвшмэл ойлголтоор хандах бус, охидын дуу хоолойг сонсож, тэднийг дэмжих чухал гэдгийг хэллээ.

Түүнчлэн Комиссын дарга Д.Сүнжид “Өөрчлөлтийг охид манлайлна” видео илтгэлийн уралдаанд амжилттай оролцож шалгарсан охидод шагнал гардуулан өглөө.

Чуулганы “OPEN DIALOGUE – GIRLS & WOMEN” нээлттэй ярилцлагад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул охидын аюулгүй байдал, хамгааллын асуудлаар мэдээлэл өгч, охидын асуусан асуултад хариуллаа.

Тэрээр охидын эрхийг хамгаалахад жендэрийн ялгаатай үнэлэмж нөлөөлж буйг онцлон, “цахим орчинд охидын эрх, нэр төр, аюулгүй байдалд заналхийлж, ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан хүчирхийллийн шинэ хэлбэрүүд бий болж байна. Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол, мэдээлэл гаргах боломжтой, бөгөөд охид эрхээ мэддэг, эрхээ шаарддаг байх нь хамгааллын эхний алхам” гэдгийг тодотгов.

Энэ удаагийн чуулган нь охид өөрт тулгарч буй асуудлаас гадна хувь хүний хөгжил, үнэ цэн, шийдвэр гаргах чадвар, өөрчлөлт, манлайллын талаар хэлэлцэх боломжийг олгосноороо онцлог байлаа. Мөн охид нийгэмд хэрхэн эерэг нөлөө үзүүлэх талаар бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчидтай санал бодлоо солилцох, хамтран шийдэл эрэлхийлэх боломжийг бүрдүүлсэн юм.