Гомдол
“Хүний эрхийн төлөө – сэтгүүлчид” клубийн ээлжит уулзалт боллоо

“Хүний эрхийн төлөө – сэтгүүлчид” клубийн ээлжит уулзалт боллоо

2025.10.10 97
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх “Хүний эрхийн төлөө- сэтгүүлчид” сайн дурын клубийн ээлжит уулзалт 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр боллоо. 

Тус уулзалт нь сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бататгах зорилготой бөгөөд “Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, чиг үүрэг", “Сэтгүүлч хүний эрх хамгаалагч болох нь”  “ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдлын тухай хуулийн төслийн танилцуулга ” сэдвийн хүрээнд танилцуулж харилцан ярилцлаа. 

Төр хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэгтэй бөгөөд төр үүргээ хэрэгжүүлэхэд  ХЭҮК дэмжлэг үзүүлэн хяналт тавьж ажилладаг болохыг дурдаж хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны талаар мэдээлэл солилцов. 

Мөн “мэдэх эрх” болон “мэдээлэл авах эрх” нь хүний үндсэн эрх болохыг тэмдэглэж, сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаараа мэдээлэл хайж, олж авах, түгээх замаар нийтийн мэдэх эрхийг хангадаг бөгөөд сэтгүүлч хүний эрх хамгаалагчийн чухал үүрэгтэй болохыг онцолсон. 

Түүнчлэн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн загвар төслийн талаар танилцуулга хийж, сэтгүүлчдийн эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн гол зохицуулалтуудыг танилцууллаа. 

Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд болон бусад албан тушаалтнууд оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулан чөлөөт ярилцлага өрнүүллээ.