Гомдол
“Шударгаар шүүлгэх эрх” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зарим аймаг, суманд зохион байгууллаа

“Шударгаар шүүлгэх эрх” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зарим аймаг, суманд зохион байгууллаа

2025.10.04 97
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, аймгийн болон сум дундын Прокурорын газартай хамтран баталсан удирдамжийн хүрээнд Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн төв болон Завхан аймгийн Тосонцэнгэл, Ховд аймгийн Булган суманд “Шударгаар шүүлгэх эрх” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн Прокурорын газар, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Завхан аймгийн Тосонцэнгэл, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Шүүхийн шинжилгээний хэсгийн алба хаагч болон Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний анги, байгууллагын эрх бүхий албан тушаалтан, өмгөөлөгч нарын төлөөлөл нийт 300 гаруй албан хаагч танхимаар болон цахимаар оролцлоо.

Хэлэлцүүлгээр Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Энхболд шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, Комиссоос Улсын Их Хуралд хүргүүлсэн санал, УИХ-аас 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүний үзэл баримтын талаар мэдээлэл хийж, уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүлж, тулгамдсан асуудлуудыг ярилцлаа.

Оролцогчдоос хууль хэрэглээ болон практикт, орон нутагт тулгамдаж байгаа шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлууд байгаа талаар дурдаж байв. Үүнд:

• Сэтгэцийн гэм хорыг тодорхойлох шинжээчийн дүгнэлтийг зөвхөн Улаанбаатар эсхүл Ховд аймагт гаргаж байдал, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг техник ашиглан хяналт тавих боломж нөхцөл, сум дахь өмгөөлөгчийн хүрэлцээ, хүүхэд хохирсон болон холбогдсон хүүхдийг түр хамгаалах байраар хангах, гэрч хохирогчийг хамгаалах асуудал, хүний сэтгэцийн эрүүл мэндэд шинжилгээ хийх, Шүүхийн шинжилгээний байгууллагад зориулалтын шинжилгээний байр байдаггүйн улмаас алба хаагч нар өрөө, тасалгаандаа үзлэг хийж байгаа нь хүндрэлтэй бөгөөд зарим тохиолдолд иргэд үзүүлэхээс татгалзах нөхцөл байдлыг үүсгэж байна.

• Шүүхийн шинжилгээний байгууллагын үйл ажиллагаагаа явуулах зориулалтын байртай болгох, шинжилгээ хийх боломжоор хангах, сэтгэцийн дүгнэлт хийх эмчийн орон тоог нэмэгдүүлж, аймаг бүрт хийдэг болгох, хохирогчийг цаг хугацаа, орон зай, эдийн засгаар хохироохгүй байхад анхаарах;

• Таслан сэргийлэх арга хэмжээг биечлэн болон зайнаас хийхэд техник технологийг нэвтрүүлэх, сүлжээний тархацаас хамаарсан зорчих эрх хязгаарлах ялын хил хязгаарыг нэмэгдүүлэх;

• Аймаг, сумын хувьд цөөн тооны өмгөөлөгч ажиллаж байгаа нь гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд хүрэлцээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах нөхцөл байдлыг бий болгож байна;

• Томоохон сум, суурин газруудад түр хамгаалах байр барих хэрэгцээ шаардлага байгаа талаар аймаг, сумын удирдлагууд анхаарч өгөх талаар санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Мөн сэтгэцийн дүгнэлт гаргуулахтай холбоотой иргэд баруун бүсийн төв болох Ховд аймаг руу явж дүгнэлт гаргуулж байгаа нь иргэдэд чирэгдэл үүсгэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирдог төдийгүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа удаашрах нэг нөхцөл болж байна. Тухайлбал, зарим тохиолдолд явахаас татгалзах, гаргасан хүсэлтээ буцаах, сэтгэцийн дүгнэлт удаашрахаас хамаарч хугацааг хэд дахин сунгах зэрэг хүндрэл гардаг тул Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг эмчтэй болгож шийдвэрлэснээр хүндрэл чирэгдэлгүй болох талаар Прокурор, Цагдаа, Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын зүгээс санал хүсэлтээ илэрхийлж байв.

• Улаанбаатар хот руу Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлэхэд 1-2 сарын хугацаа шаарддаг бол Ховд аймаг явах үед 14-25 хоног болдог, хэрэв өөрийн аймагт хийгддэг болсон тохиолдолд 1-3 хоногт дүгнэлт гаргах бүрэн боломжтой байна;

• Хэлэлцүлэгийн дүнд шударгаар шүүлгэх эрх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангах, талаар гарч буй бодлого шийдвэрийн талаар зохих мэдээлэлтэй болж хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос хэлсэн дээрх дурдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

• Мөн Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хугацаанд нь гардуулах, хоригдлыг шүүхийн шийдвэрт заасан хорих ангид шуурхай хуваарилах асуудал удааширч байгааг богино хугацаанд шийдвэрлэх гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд Комиссоос тодорхой арга хэмжээ авах, холбогдох байгуулага албан тушаалтанд уламжилж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.