Гомдол
Хүний эрх ба төрийн бүтээмж сургалт зохион байгууллаа

Хүний эрх ба төрийн бүтээмж сургалт зохион байгууллаа

2025.10.03 97
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран “Хүний эрх ба төрийн бүтээмж” сургалтыг өнөөдөр /2025.10.03/ зохион байгуулав. Сургалт нь яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон удирдах албан тушаалтны хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний гаргаж буй шийдвэр, үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилготой.

Сургалтыг нээж ХЭҮК-ын дарга Д.Сүнжид хүний эрхийн зөрчил дараах дөрвөн хүчин зүйлээс шалтгаалж буйг онцоллоо. Үүнд: нэгдүгээрт хууль тогтоомж, дүрэм журам; хоёрдугаарт байгууллага, институт хоорондын уялдаа холбоо; гуравдугаарт төсөв, санхүүгийн хүрэлцээ; дөрөвдүгээрт төрийн албан хаагчийн хандлага, мэдлэгээс хамаардаг. Түүнчлэн "төрийн албан хаагчийн үйл ажиллагаа ойлгомжтой, уялдаа холбоотой байснаар иргэдийн эрхийг үр дүнтэй хамгаалах боломжтой. Энэ удаагийн сургалтаар Комиссын шинэ тутам механизмын үйл ажиллагааг танилцуулаад зогсохгүй, хүний эрхийн түгээмэл зөрчлийг таньж мэдэх, учир шалтгааныг нь ойлгон, цаашид давтагдахгүй байхад чиглэсэн мэдлэг, ур чадварыг төлөвшүүлэхийг зорьж байна” хэмээн тодотгов.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас нийслэл болон 9 дүүргийн төрийн байгууллага, албан тушаалтанд иргэдээс гаргасан 2024 оны өргөдөл, гомдолд хийсэн дүн шинжилгээг танилцуулж, “Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан, мэдээлэл гаргах, хүргүүлэх журам”-ын төсөл, төрийн байгууллага дахь процессын дахин инженерчлэл, түүний судалгааны арга аргачлал, туршлагыг хуваалцсан юм.

ХЭҮК Хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрх хамгаалах тогтолцоо, “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь”, “Хүний эрхийн зөрчил ба гомдол шийдвэрлэх ажиллагаа”, “Ажлын байрны дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь” сэдвээр сургалт зохион байгуулж, санал бодол байр сууриа хуваалцлаа.

Сургалтад ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын нийт 40 гаруй албан хаагч оролцов.