Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 413, 433 дугаар анги, Мандал сумын цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах өрөө болон эрүүлжүүлэх, саатуулах байрны үйл ажиллагаатай танилцав.
Мөн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дотуур байр, гэр бүлийн хүчирхийлэл болон гэрч, хохирогчийг түр хамгаалах байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд “Хүний эрх хамгаалагч гэж хэн бэ” сэдэвт кино хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Мандал сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 200 гаруй хүүхдүүд оролцлоо.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийн хүрээнд хийсэн хяналт шалгалтын үр дүн болон иргэдээс гарсан санал хүсэлтийг танилцуулах уулзалтад Мандал сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Н.Батбаяр, Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатар, Засаг даргын орлогч Э.Баярхүү нар оролцов.
Сумын удирдлагын зүгээс Мандал сумын хүүхэд залуучуудын чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх , 4 дүгээр сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, сумын түр хамгаалах байрны тохижилт, засварын ажлыг хийж гүйцэтгэх, сумын хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шийдвэрлэх болсноо илэрхийлсэн юм.
Түүнчлэн, Сумын Засаг даргын орлогч Э.Баярхүү Мандал сумын төвд байгаа хорих ангийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргахад Хүний эрхийн Үндэсний Комиссоос дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ.
Комиссын ажлын хэсэг 09 дүгээр сарын 24, 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг үргэлжлүүлэн зохион байгуулна.