Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн Ази-Номхон далайн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг, Ахлах зөвлөх Нид Сатжипанон, Ахлах зөвлөх Бен Бакланд болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ш.Үнэнтөгс нар оролцов.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид уулзалтын үеэр хэлэхдээ, 2001 онд Комисс байгуулагдсан цагаас эхлэн эрүү шүүлтийн эсрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, гомдол мэдээллийг шийдвэрлэн ажиллаж ирсэн. Комисс УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 удаагийн илтгэлийн 11 илтгэлд эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар тусгасан байдаг. Монгол Улсын Их Хурлаас 2020 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталж, Эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг Комиссын дэргэд бий болгосныг дурдлаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа: “Комисс 2006, 2011 онд холбогдох олон улсын конвенцод нэгдэх хэлэлцүүлгийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан бөгөөд бид олон жилийн хамтын ажиллагаатай. Өнөөдрийн уулзалт бол энэхүү хамтын ажиллагааны үр дүн юм. Комисст 2001 оноос хойш ирсэн гомдол, мэдээллийн 60-70 хувь нь халдашгүй байх эрхтэй холбоотой байсан бол өнгөрсөн жил ирсэн 1311 гомдлын 30 хувь нь халдашгүй байх эрх үүний 14 орчим хувь нь эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой байна. Энэ нь Монгол Улсын хувьд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлд ахиц дэвшил гарч байгааг илтгэж байна. Цаашид энэхүү механизмыг илүү үр дүнтэй, зөв менежменттэйгээр хөгжүүлэх шаардлагатай” гэв.
Мөн нийгэмлэгийн Ахлах зөвлөх Бен Бакланд “Монгол Улс мэдүүлэг, тайлбар авах өрөөг бүрэн камержуулж стандартжуулсан нь бүс нутгийн хэмжээнд өндөр үнэлгээ авч буйг хэлж, энэ нь эрүү шүүлттэй холбоотой гомдол, мэдээллийн тоо буурахад хувь нэмэр оруулсан байх гэж үзэж байна” гэв.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн Ази-Номхон далайн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Николь Хогг хүлээн авч уулзсанд талархал ирэлхийлж, Хүний эрхийн Үндэсний Комисстой эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.


