Гомдол
Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт эхэллээ

Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт эхэллээ

2025.09.15 393
Сонсох

Монгол Улсын Их Хурал, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сантай хамтран “Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт–2025” энэ сарын 15–18-ны өдөр Улаанбаатар хотноо болж Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид оролцлоо.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ханна Бэкер, Конрад Аденауэр Сангийн Азийн улс төрийн хэлэлцүүлгийн бүсийн хөтөлбөрийн захирал Андреас Кляйн, УИХ-ын эмэгтэй гишүүд болон Япон, Бангладеш, Солонгос, Шри Ланка, Тайланд, Малдив, Филиппин, Малайз, Бутан, Непал, Энэтхэг, Сингапур  улсын 16 төлөөлөгч оролцож байна.

Азийн эмэгтэй парламентчдын бүлэг нь 2011 оноос хойш жил бүр чуулж, бүс нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг дэмжих, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн чуулга уулзалт “Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төсвийн бодлого, хиймэл оюун ба дижитал санхүүгийн хүртээмж, асаргаа, халамжийн хөдөлмөрийн үнэлэмж, бизнес эрхлэлт, санхүүжилтийн хүртээмж, парламентын үүрэг оролцооны талаар хэлэлцэнэ.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр тооцон гаргаж байгаа жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс өнгөрсөн онд 145 улсаас 85-д эрэмбэлэгдэж байсан бол энэ онд 148 улсаас 65 дугаарт бичигдэж 20 байраар урагшилсан байна. Тус индексийн дэд үзүүлэлт болох боловсрол, эрүүл мэнд тогтвортой, ахиц дэвшлээ хадгалж байгаа бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120-оос 99 дүгээр байр хүртэл, ажиллах хүчний оролцоо 43-аас 20 дугаар байрт хүрч урагшилсан үзүүлэлттэй байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барьсан хорин дөрвөн илтгэлийн арван удаагийн илтгэлд  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд нөлөөлж буй хүчин зүйлс, гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн асуудал ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт болон улс төр, эдийн засаг, төрийн алба, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, соёл, боловсрол, гэр бүл, эрүүл мэндийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар тусгайлан хөндсөн байдаг.

Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар олон улсын хэмжээнд ахиц дэвшил гаргаж байгаа хэдий ч нийгмийн зарим салбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш бус, ялгамжтай байдал хэвээр байна. Иймд ахиц дэвшлээ урагшлуулан, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад төрийн бодлого, нийгмийн оролцоог идэвхжүүлэх нь  чухал юм.