Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Увс аймгийн Баруунтуруун суманд ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комисс Увс аймгийн Баруунтуруун суманд ажиллалаа

2025.09.13 111
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Увс аймгийн Баруунтуруун суманд есдүгээр сарын 12-13-ны өдөр ажиллалаа. Комиссын гишүүн Б.Энхболд сумын Засаг дарга, Засаг даргын орлогч болон Засаг даргын Тамгын газрын дарга, албан хаагчид, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн удирдлага, ажилтнуудад хүний эрхийг хамгаалах тогтолцоо, Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгч, чөлөөт ярилцлага өрнүүлж, сонирхсон асуултад хариулсан юм.

Түүнчлэн “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II” төслийн талаар иргэдэд танилцуулах, орон нутаг дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар санал солилцох уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад “Манай ангид-Хүний эрхийн түгээмэл тунхаглал” сэдэвт сургалтыг референт Я.Хонгорзул зохион байгуулж нийт 120 орчим сурагч хүний эрхийн мэдлэг, ойлголтоо бататгалаа.

Мөн Увс аймгийн Баруунтуруун сум дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, ангийн захирагч, алба хаагчид, хугацаат цэргийн алба хаагчидтай уулзаж ярилцан, санал асуулга явуулж, шаардлагатай баримт материалтай танилцав.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Увс аймгийн Баруунтуруун суманд ажиллах үеэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1947 онд байгуулагдсан бөгөөд 320 хүүхэд хичээллэх хүчин чадалтай. Гэвч 2025-2026 оны хичээлийн жилд 640 сурагчтай, хоёр ээлжээр хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь хоёр дотуур байртай бөгөөд эрэгтэй дотуур байранд 53, эмэгтэй дотуур байранд 63, нийт 116 сурагч дотуур байранд амьдарч байна.

Увс аймгийн Баруунтуруун сумын сургуульд “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл хэрэгжсэн бөгөөд тусгай хэрэгцээт боловсролын багш Б.Хишигдэлгэр нь тэгш хамруулан сургах хөтөлбөрөөр 2-11 дүгээр ангийн хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхдэд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд хүүхдээ сургуульд хүргэж авахад заримдаа ажлаас нь чөлөө олгохгүй байх, хүүхдийг сургуульд хүргэж өгөх, авахад хүндрэлтэй байдаг талаар ярьж байлаа.

Сургуулийн спорт заал, дотуур байранд их засвар хийх, сургуулийн өргөтгөл хичээлийн байр шинээр барих хөрөнгийн асуудлыг ирэх оны улсын төсөвт суулгах шаардлагатай байгаа тухай сургуулийн удирдлагууд танилцуулсан юм.