Гомдол
Тосонцэнгэл сумын хоёрдугаар цэцэрлэг зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна

Тосонцэнгэл сумын хоёрдугаар цэцэрлэг зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна

2025.09.11 87
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар цэцэрлэгт хяналт шалгалт хийлээ. 

Тосонцэнгэл сум нийт зургаан цэцэрлэгтэй бөгөөд хоёрдугаар цэцэрлэг нь 1975 онд байгуулагдсан. Одоогоор тус цэцэрлэг зориулалтын бус гурван тусдаа байранд Хайрхан багийн 96 хүүхдийг дөрвөн бүлэгт хамруулж, нийт 19 багш, ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна. 

Хяналт шалгалтын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд цэцэрлэгийн сургалтын орчин, нөхцөлд тулгамдаж буй асуудлуудыг онцлон эдгээрийг шийдвэрлэх нь хүүхдийн сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөгжих, хамгаалуулах эрхийг хангахын зэрэгцээ багш, ажилтнуудын хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар дурдлаа. Үүнд:  

Нэгдүгээрт, тус цэцэрлэг гурван тусдаа байранд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь анх аж ахуйн зориулалтаар баригдсан барилга бөгөөд уг барилгыг 2019 онд хувийн компаниас худалдан авч, сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулж ирсэн нь анхаарал татаж байна. 

Хоёрдугаарт, зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж буй тул сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандарт, шаардлагыг хангахгүй нөхцөл байдал ажиглагдлаа. Тухайлбал, бүлгийн өрөөнүүдийн тааз намхан, гэрэлтүүлэг хангалтгүй, дулааны дутагдалтай, зориулалтын бус халаалтын хэрэгсэлтэй, ус алдаж мөөгөнцөр үүссэн, утаа сорогч бүрэн ажилладаггүй зэрэг нөхцөл байдалтай байна. Мөн зарим бүлэгт ариун цэврийн өрөө байхгүй учир гадна ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа нь хүүхэд, багш ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл дагуулж байна. Түүнчлэн, хоол үйлдвэрлэлийн хэсэг жижиг давчуу, агааржуулалтгүй, уур сорогчгүй өрөөнд байрлаж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд тогооч нар ажиллан  хүүхдүүдийн хоолыг бэлтгэж байна. 

Гуравдугаарт, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмч болон хоол үйлдвэрлэлийн аюулгүй байдалд хяналт тавих хоол зүйчийн орон тоо байхгүй байгаа нь шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын нэг юм. 

Дөрөвдүгээрт, байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлого боловсруулан баталж мөрдүүлэх нь хүүхдийн эрх, тэдний аюулгүй байдлыг хангах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлогын түвшний чухал алхам болохыг сануулав.