Гомдол
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

2025.08.08 233
Сонсох

Зөвлөмжийн огноо, дугаар: 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр №01/22 
Зөвлөмжийн төлөв: Хэрэгжүүлсэн 
Зөвлөмж тойм: №1 
Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

Гомдлын агуулга: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд 2025 оны дөрөвдүгээр сард ирүүлсэн гомдолд ... аймагт оршин суугч иргэн хүүхдийн тэтгэлгийн мөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу авч чадахгүй байгаа тухай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдээлсэн ба тэтгэлэг төлөгч этгээд нь хэд хэдэн сараар тэтгэлэг төлөөгүй, энэ нь хүүхдийн эрх, амьдралын наад захын хэрэгцээг хангах боломжид сөргөөр нөлөөлж байгааг гомдолд дурдсан байв. 

ХЭҮК-ын гишүүний холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн зөвлөмж: ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх, хуримтлагдсан тэтгэлгийг барагдуулах, цаашид сар бүрийн тэтгэлгийг тогтмол гаргуулж, дахин хуримтлал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зөвлөмж хүргүүлэв. 

Хэрэгжүүлсэн арга хэмжээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн мэдээллээр, холбогдох этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.20.6 дугаар зүйлд заасны дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж, 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн шийтгэх тогтоолоор 14 хоногийн албадан сургалтад хамруулах, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулжээ. 

Түүнчлэн нийт 5,483,683 төгрөгийн хуримтлагдсан тэтгэлгийг тухайн этгээдээс гаргуулж, хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн данс руу 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь цаашид сар бүрийн тэтгэлгийг хугацаанд нь төлүүлэх, дахин ижил нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж буйг мэдэгдсэн. 

Дүгнэлт: Зөвлөмжийн хэрэгжилт нь хүүхдийн эрхийг хангах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд тэтгэлэг төлөх үүргээ биелүүлэхгүй байх байдал нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж болзошгүйг харуулж байна.  

Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэдийн гомдолд үндэслэн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход чиглэсэн зөвлөмж гарган ажилласан болно.