Гомдол
ХЭҮК-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮН АНХНЫ ХУРЛАА ХИЙВ

ХЭҮК-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮН АНХНЫ ХУРЛАА ХИЙВ

2025.07.07 94
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн 9 дэх бүрэлдэхүүн 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр анхны хурлаа хийлээ.

ИНЗ нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрддэг бөгөөд Комиссын үйл ажиллагаанд иргэний нийгмийн олон талт оролцоог хангаж, дэмжлэг үзүүлэх зорилготой. Уг зөвлөл анх 2002 онд байгуулагдсан бөгөөд 2022 онд томилогдсон 8 дахь удаагийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаарт комиссын даргын тушаалаар шинэ бүрэлдэхүүн томилогдсон юм.

Хурлыг ХЭҮК-ын гишүүн, ИНЗ-ийн дарга Х.Мөнхзул нээж, гишүүдэд талархал илэрхийлэн хэлсэн үгэндээ:

“Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлж, сонгон шалгаруулалтад тэнцэн ИНЗ-ийн гишүүнээр томилогдсон та бүхэнд талархал илэрхийлье. Комиссын үндсэн гурван чиг үүрэг болох хүний эрхийн хяналт, хамгаалал, сургалт, сурталчилгааны хүрээнд бид хамтран ажиллана. Хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүний эрхийн хэрэгжилтийг сайжруулах олон чиглэлд ИНЗ-ийн гишүүдтэй нягт хамтарч ажиллах болно” хэмээлээ.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардуулж, хэлсэн үгэндээ:

“Та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо Комиссын зүгээс баяртай байна. Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд бол хүний эрхийн асуудлаар олон нийттэй харилцах, санал санаачилга гаргах, дуу хоолойгоо илэрхийлэх чухал түнш юм. Бидний зүгээс идэвхтэй оролцоо, бодит санал, шүүмжлэл, дэмжлэгийг хүлээж байна” хэмээн онцоллоо.

Анхны хурлаар ИНЗ-ийн дүрэм, өмнөх бүрэлдэхүүний 2022-2024 онд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ололт амжилт, сургамжуудыг танилцуулж, шинэ бүрэлдэхүүний зүгээс цаашдын хамтын ажиллагааны зорилт, чиглэлээ тодорхойллоо.

Ташрамд дурдахад, ИНЗ-ийн бүрэн эрхийн хугацаа гурван жил бөгөөд тус хугацаанд зөвлөл Комиссын зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санал зөвлөгөө өгөх, хүний эрхийн асуудлаар дүн шинжилгээ хийх, эрсдэл, зөрчлийн талаарх мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх, сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд оролцох, хохирогчдод дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн холбогдолтой хууль тогтоомж, бодлогын талаар санал өгөх, хурал, уулзалт, хяналт шинжилгээ зэрэг үйл ажиллагаанд хамтран оролцох зэрэг чиг үүрэгтэйгээр ажилладаг юм.