Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд халдашгүй чөлөөтэй байх эрхийн хэрэгжилтийг тусгаж, УИХ-д танилцуулснаар УИХ-ын 2023 оны 35 дугаар тогтоол батлагдсан. Тус тогтоолоор халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар 9 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цагдан хорих, сэжигтнийг баривчлах процесс, оролцогчдын эрхийг хангах, гомдол гаргах, өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авах, төрийн байгууллагуудын үүрэгтэй холбоотой 100 зүйл, заалт бүхий зохицуулалт орсон нь хүний эрхийг хамгаалахад тодорхой ахиц дэвшил гаргаад байна.

Хууль батлагдах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн мэтгэлцээн, тэгш байдлыг хангах, оролцогчдын эрхийг хангах чиглэлээр 14 арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ-ын 2024 оны 18 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан.
Энэ хүрээнд боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа.
Хуулийн төсөл боловсруулахад маргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх УИХ-ын Ажлын дэд хэсэгт ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд ажилласан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон ажлын хэсгээс зохион байгуулсан хэлэлцүүлгүүдэд оролцож, Комиссын байр суурийг илэрхийлж байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд дараах зохицуулалтууд тусгагдсан. Үүнд:
-Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох;
-Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай таслан сэргийлэх арга хэмжээний талаарх шүүхийн хэлэлцүүлгээс өмнө урьдчилан танилцах;
-Хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолын хувийг бүрэн эхээр нь мөрдөгчийн зүгээс яллагдагчид гардуулан өгөх;
-Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид бүрэн танилцуулж, гардуулан өгөхдөө төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцалж, гардуулан өгөхөөр хуульд тусгасан;
-Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний, дүрсний бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхийг баталгаажуулсан;
-Мөрдөгч, прокурор яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах боломжийг нээсэн;
-Шүүх, прокурор, мөрдөгч яллагдагч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангасан, эсхүл хангахаас татгалзсан бол энэ талаарх үндэслэлээ тухайн шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульд тусгайлан тусгасан;
-Мөн ердийн журмаар хянан хэлэлцэгдэх хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг хамгийн багадаа ажлын 3 хоног байхаар, үндсэн хугацааг 14 хоног байхаар тогтоож, шаардлагатай тохиолдолд 14 хүртэл хоногоор тухай бүр сунгахыг хуульчиллаа.

ХЭҮК-ын өгсөн саналыг хуулийн төсөлд тусгах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргаж буй нь сайшаалтай.
Гэвч цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг улам боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын зарчимд нийцүүлэх, хавтаст хэргийг цахимжуулах, хэргийг аль болох богино хугацаанд шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэх, дэвшилтэт технологийг хэрэглээнд нэвтрүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх боломжийг өргөжүүлж, мэтгэлцээний сонгодог зарчим руу шилжих, эрүүдэн шүүж олж авсан нотлох баримтыг үнэлэхгүй байх, сэтгэцийн шинжилгээ хийх, орон байранд нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг шүүхийн зөвшөөрлөөр хязгаарладаг байх зохицуулалт хийх шаардлагатай.
Эцэст нь, хуулийн нэмэлт өөрчлөлтийг практикт зөв хэрэглэх, хуулийн үзэл санаанд нийцүүлэн хэрэгжүүлэхэд мөрдөн шалгах, шүүн таслан ажиллагааг хэрэгжүүлэх албан тушаалтны мэдлэг, хандлага, ёс зүйгээс хамааралтай тул холбогдох сургалтыг үе шаттай явуулах нь зүйтэй.
Ташрамд дурдахад, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэнтэй холбогдуулан батлах УИХ-ын тогтоолын төсөлд шударгаар шүүлгэх, хүүхдийн эрхийг хамгаалах, өмгөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг саналыг хүргүүлээд байна.