Гомдол
Д.Сүнжид: Хүүхэд хамгаалал иж бүрэн, цогцоор ажиллах шаардлагатай

Д.Сүнжид: Хүүхэд хамгаалал иж бүрэн, цогцоор ажиллах шаардлагатай

2025.06.30 68
Сонсох

УИХ-аас өнгөрсөн оны зургаадугаар сард баталсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгад Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх байгуулж 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр хуульчилсан.

Үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүх, Шүүхийн академи, IDLO Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Ханнс-Зайделийн сан хамтран “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал /2025.06.25/ зохион байгууллаа.

Тус хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид оролцож, “Өсвөр насны хүн холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэгт паналестаар оролцов. Тэрбээр, “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдээ тодорхойлж, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь төрийн үүрэг.

 Хэрэв насанд хүрээгүй хүн гэмт хэргийн хохирогч болон холбогдогч болсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах, өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бол ялын үр нөлөө бодитой байсан эсэх, суллагдсаны дараа ажил хөдөлмөр эрхлэх, боловсрол олгох, хэвийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэргээр хүүхэд хамгааллын бодлого иж бүрэн, цогц ажиллах шаардлагатай. Түүнчлэн хохирогчийн эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээж чадахгүй байгааг анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлдээ “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа”-г тусгасан. Энэ хүрээнд Хууль зүйн хороо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг 15 чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Гэвч хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж, ХЭҮК-ын гишүүний зөвлөмж, шаардлагыг удаа дараа хүргүүлж, хамтарсан хэлэлцүүлэг хийсэн. Тухайлбал, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 29.6 дахь хэсэгт заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын журмыг өнөөдрийг хүртэл батлаагүй байгаа юм. Хоёрт, гэмт хэргийн хохирогч болон холбогдогч хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй байна. Иймд Хүүхэд, гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ерөнхий бус нарийвчилсан зохицуулалт тусгах шаардлагатай гэв.

Эцэст нь тусгайлсан шүүх байгуулахад хүний нөөцийн хувьд хэр бэлэн бэ гэдэгт анхаарал хандуулж, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх нь чухал болохыг Комиссын дарга Д.Сүнжид онцолж, цаг үеэ олсон хэлэлцүүлэг зохион байгуулсанд талархал илэрхийллээ.