Бүгд Найрамдах Азербайжан улсын Хүний эрхийн Комиссын зохион байгуулсан “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх нь: Хүний эрхийн үндэсний байгууллагуудын үүрэг” сэдэвт олон улсын Хүний эрхийн симпозиум 2025 оны зургаадугаар сарын 18-19-ны өдрүүдэд боллоо.

Тус улсын нийслэл Баку хотноо болсон энэхүү симпозиумд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Б.Энхболд оролцож “Хүн бүрийн эрхийг тэгш хангахад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гүйцэтгэх үүрэг: сорилтууд, сайн туршлага” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн Монгол Улсын хүний эрхийг хамгаалах, тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй сайн туршлага, ололт амжилт, тулгамдаж буй асуудлын талаар ч хуваалцсан юм.

Хуралд дэлхийн 15 орчим орны хүний эрхийн үндэсний байгууллагын дарга, төлөөлөгч, парламентын гишүүд, олон улсын байгууллага, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хүний эрхийн мэргэжилтнүүд оролцсон байна.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд илтгэлдээ Монгол Улсад өнөөдрийн байдлаар 900 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд эдгээр хуульд хүн бүр эрх тэгш байж, ялгаварлан гадуурхалтаас ангид байх зарчмыг тусгаж, хэрэгжилтийг ханган ажилладаг. Гэсэн хэдий ч тэгш боломж бүрдүүлэх, ялгаатай байдлаас үүдэлтэй хүний эрхийн зөрчил, анхаарал татсан асуудлууд байсаар байна. Хот, хөдөөгийн ялгаатай байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, боловсролын чанар, амьжиргааны түвшин, чанартай хоол хүнсээр хангагдах, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого зэрэг асуудалд анхаарал хандуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тус хурал нь Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын харилцан туршлага, шийдлийг хуваалцаж, тэгш байдал, хүртээмжийг хангах зорилгоо ахиулахад чухал нөлөө бүхий үйл ажиллагаа боллоо хэмээн зохион байгуулагч тал мэдэгдсэн байна. Мөн хурлын үр дүнд олон улсын Омбудсмены симпозиумын тунхаглалыг батлав.
Симпозиумд оролцогчид Бүгд Найрамдах Азербайжан улсын Үндэсний ассамблейн дарга (парламент) хадагтай Шахиба Гaфороватай уулзаж, хүний эрхийн нөхцөл байдал, олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Губа дахь Геноцидын дурсгалын цогцолбортой танилцаж, цэцэг өргөсөн байна.
Комиссын гишүүн Б.Энхболдын энэхүү оролцоо нь бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улс хүний эрхийн асуудлаар олон улсын түвшинд идэвхтэй харилцааг харуулсан явдал боллоо.

