Гомдол
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлэх сургалт зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлэх сургалт зохион байгууллаа

2024.06.18 312
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Тэгш Нийгэм холбоо” төрийн бус байгууллага хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх, үр нөлөөг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” сэдэвт сургалтыг Европын холбооны дэмжлэгтэйгээр 2024 оны 06 дугаар сарын 17-ноос 18-ны хооронд зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулж, хүний эрхийн хамгаалагч бэлтгэх зорилготой сургалтад хамрагдсан оролцогчид нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, төвлөрлийг сааруулах мониторингийн механизм байгуулж, улмаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдлын илтгэлд мэдээлэл цуглуулан тусгаж, УИХ-д мэдээлэл хүргэх чадамжтай болох юм.

Түүнчлэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба сүүдэр илтгэл”-д НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” төсөл хэрэгжих 2 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэлд санал солилцох чиглэлээр ХЭҮК-той хамтран ажиллана.

Хоёр өдөр үргэлжилсэн сургалтаар Хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, Хүний эрхийн олон улсын гэрээ, Хүний эрх ба жендер, Хүүхдийн эрх ба хамгаалал, Хүний эрхийн үндэсний байгууллага ба Парисын зарчим, чиг үүрэг, Хөгжлийн бэрхшээлийн талаарх өнөөгийн ойлголт, ХБХЭ-ийн талаарх конвенц ба Сүүдэр илтгэл, Монгол Улсад өгсөн зөвлөмж зэрэг сэдвийн хүрээнд өргөн хүрээний мэдлэг, ойлголтыг оролцогчдод өглөө. 

Тухайлбал, ХЭҮК-ын Тамгын дарга Ц.Адъяахишиг “Хүний эрхийн үндэсний байгууллага ба Парисын зарчим, чиг үүрэг” сэдвийн хүрээнд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог танилцууллаа.

Тэрээр “Хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй. Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага юм” гэдгийг онцолж, Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход иргэний нийгмийн үүрэг оролцоо чухал. Учир нь иргэний нийгэм нь эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах, шаардлагатай тусламжийг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг учир хүний эрхийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болж байдаг” гэдгийг тодотгосон юм.

Харин “Тэгш Нийгэм холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Энхбуянт “Хөгжлийн бэрхшээл нь зөвхөн тухайн хүний асуудал мэтээр ойлгож, хүлээн авдаг хандлага нийгэмд байдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Учир нь ямар нэг байдлаар, ямар нэг хэлбэрийн чадвар алдалт байгаа бол хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тодорхой хэмжээнд хамаарна. Энэ утгаараа нийгмийн асуудал юм” гэлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь албан хаагчид болон “Тэгш Нийгэм холбоо”, “Нийгмийн түншлэлийн холбоо”, “”Хүүхэд, хөгжил, шийдэл”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Түгээмэл хөгжил”, Тэргэнцэртэй иргэдийн холбоо” зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл тус сургалтад хамрагдаж, гэрчилгээ гардан авлаа.