Гомдол
Комиссын гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна

Комиссын гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна

2023.11.16 744
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Орхон аймгийн төрийн болон хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, албан хаагчдыг хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтад хамруулах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд ажиллаж байна.

Энэ хүрээнд Комиссын гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжид нар Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргалтай уулзаж, Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан хүний эрхийн талаарх арга хэмжээ, түүний хэрэгжилт, төсвийн талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Улмаар Комиссын гишүүд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч болон Засаг даргын Тамгын газрын харьяа агентлагийн дарга нарын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүй төлөвшүүлэх зорилгоор "Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо", "Орон нутгийн нэгжийн удирдлага бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангах нь", "Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх нь" сэдвээр сургалт орлоо.

Түүнчлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургалт, сурталчилгааг үе шаттай зохион байгуулах Комиссын гишүүний зөвлөмжийг 2023 оны 09 дүгээр сард хүргүүлсэн.

Энэ дагуу тус үйлдвэрийн удирдах ажилтнуудын олон улсын гэрээ, конвенц болон хүний эрхэд суурилсан хандлага, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Комиссын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ “Хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Ажлын байрны дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт орлоо.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, өнгөрсөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 7, 8, 9 дэх зүйлд хүний эрх болон хөдөлмөрлөх эрхийн суурь зарчим болох ажлын байрны ялгаварлан гадуурхах, бэлгийн болон бусад хэлбэрийн дарамт шахалт үзүүлэх зэргийг хориглож, эвлэлдэн нэгдэх эрхийг зүйлчлэн заасан байдаг.