Гомдол
Газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүний эрхийн асуудал гэж харах нь чухал ач холбогдолтой

Газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүний эрхийн асуудал гэж харах нь чухал ач холбогдолтой

2026.08.20 106
Сонсох

\Өнөөдөр ХЭҮК-оос Хүний эрх ба ногоон хөгжил, Уур амьсгалын өөрчлөлт, Цахим шилжилт, тэгш хүртээмж ба хүний эрх, Байгаль орчныг хамгаалагчдын эрхийн хэрэгжилтийн талаар хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн санал, зөвлөмж, дүгнэлтийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын оролцогчдод танилцууллаа.

Тус хурал зохион байгуулагдаж буй энэ үед газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүний эрхийн асуудал гэж харах нь чухал ач холбогдолтой. Учир нь газар доройтоход усны нөөц, бэлчээр, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, амьжиргаанд шууд нөлөөлж, улмаар шилжилт хөдөлгөөн, орон байр, нийгмийн хамгаалал зэрэг олон асуудалтай хөндөгддөг. Иймээс газрыг сэргээх нь иргэдийн эрхийг хамгаалах, амьжиргааг дэмжих үйл явц юм.

Тухайлбал,

-Усны хомсдол хүний эрүүл мэнд, амьд явах эрхэд, бэлчээрийн доройтол нь малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, соёл, уламжлалт амьдралд шууд нөлөөлөл үзүүлнэ. Иймээс уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүний эрхэд суурилсан нэгдсэн бодлоготой байх шаардлагатай юм.

-Малчдыг зөвхөн байгалийн нөөц ашиглагч бус, уламжлалт экологийн мэдлэг тээгч, байгаль хамгаалагч, биологийн олон янз байдлыг хадгалагч гэж үзэх, мөн уул уурхай болон хот дахин төлөвлөлтийн буюу хөгжлийн төслийн нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн бодит оролцоог хангах нь чухал.

Байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эрх, аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай. ХЭҮК-ийн 2023 оны үндэсний хэмжээний судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотын 902 хүн хамрагдаж, 82 хүний эрх хамгаалагчтай 25 удаагийн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийсэн. Байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын 25.2 хувь нь дарамт, заналхийллийн эрсдэлийг “маш их”, 19.8 хувь нь “их” гэж үнэлсэн бөгөөд 76.4 хувь нь зөрчигдсөн эрхээ бодитоор сэргээн хамгаалуулж чадаагүй гэсэн дүн гарсан байна.

Ногоон шилжилт хэнийг ч орхигдуулах ёсгүй.

Газрыг сэргээе.

Амьжиргааг хамгаалъя.

Хүний эрхийг баталгаажуулъя. Найдварыг сэргээе.