Гомдол
НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг олон улсын түвшинд хамгийн дээд зэрэглэлээр магадлан итгэмжлэгдсэн байгууллага хэмээн онцоллоо

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг олон улсын түвшинд хамгийн дээд зэрэглэлээр магадлан итгэмжлэгдсэн байгууллага хэмээн онцоллоо

2026.05.10 53
Сонсох

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекцэд оролцлоо.  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиг үүргийнхээ хүрээнд “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекцийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн хүндэтгэлийн лекцийн зочин илтгэгчээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк оролцож, “Хүний эрх: Үндэсний болон даян дэлхийн сорилтуудад шийдэл болох нь” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариуллаа.

Хүндэтгэлийн лекцийг ХЭҮК-ын дарга, хууль зүйн доктор (Dr.Jur) Д.Сүнжид нээж, ХЭҮК-ын гишүүн, доктор Г.Нарантуяа чиглүүлэв. Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, оюутан залуус зэрэг 200 гаруй хүн оролцлоо.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк “Хүний эрх: Үндэсний болон даян дэлхийн сорилтуудад шийдэл болох нь” илтгэлдээ:

“Дэлхий нийтэд томоохон сорилтууд тулгарч буй энэ цаг үед монголчуудтай санаа бодлоо нэгтгэн, хамтдаа зогсохоор би энд Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна.

Өнөөдөр Монгол Улсад хэд хэдэн төрлийн сорилт тулгарч байна. Та бүхэн уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны хямралын нөлөөг амсаж буй орнуудын хамгийн тэргүүн эгнээнд байна. Эрчимтэй хотжилтын үйл явцыг туулж байна.  Мөн алс холын орнуудад өрнөж буй дайн самууны эдийн засгийн үр дагавар, хүндрэлтэй нүүр тулж байна.

Монголчууд бол дэлхий дахинд болж байгаа үйл явдлуудыг соргогоор мэдэрдэг ард түмэн.

Мөн ирэх наймдугаар сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) эх орондоо зохион байгуулах гэж байгаа нь байгаль орчны тулгамдсан асуудлуудад та бүхэн манлайлан оролцож буйн илрэл юм.

Танай улсын Хүний эрхийн Үндэсний Комисс олон улсын түвшинд хамгийн дээд зэрэглэлээр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд мэдээллийн нууцлал, хувийн халдашгүй байдалд албан ёсны хяналт тавих чиг үүргийг маш сайн хэрэгжүүлдэг.

Бид Монгол хүн бүрийн төлөө "Алсын хараа 2050"-ын амлалтыг биелүүлэх хүчин чармайлтад та бүхний тууштай холбоотон байх болно. Бидний хамтын хүчин чармайлт бүс нутгийн хэмжээнд хүний эрхийг дэмжихэд үйлчилж чадна.

Монгол Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс авлига, эрх нь зөрчигдөхийн эсрэг, хүчирхийлэл, мөргөлдөөний эсрэг, шударга бус байдал, дарамт шахалтын эсрэг нэгдэж байна. Тэд энх тайван, хүний эрх, эрх чөлөө, бүх нийтийн боломжийн төлөө дуу хоолойгоо хүргэж байна.

Залуучууд эдгээр хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж байгаа бөгөөд энэ нь олон талт бүлэг, идэвхтнүүдийг нэгтгэж байна.

Хүний эрх бол илүү хүчтэй, илүү уян хатан нийгэмд суурилсан, илүү тайван дэлхий ертөнцийн тулгуур юм.

Биднийг нэгтгэж буй зүйлсийн төлөө хамтдаа зогсож, бүх нийтийн төлөөх илүү сайн дэлхийг цогцлооцгооё” хэмээн онцлон тэмдэглэлээ.