Гомдол
Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг шалгав

Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг шалгав

2026.04.30 57
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангид ажиллаж, өмнө нь хүргүүлсэн зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг газар дээр нь шалгалаа.

Өнгөрсөн оны 12 дугаар сар, 2026 оны 1, 2 дугаар сард Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид дүрмийн бус харилцааны зөрчил гаргасан асуудлаар Комисс шалгах ажиллагааг явуулсан.

Хяналт шалгалтын үр дүнг үндэслэн цэргийн дүрмийн бус харилцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээг эрчимжүүлэх, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний 2026 оны 07/04 дүгээр зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Комиссын гишүүний 2026 оны 07/05 дугаар шаардлагыг Дотоодын цэргийн штабт тус тус хүргүүлсэн. 

Комиссын гишүүн Б.Энхболд, холбогдох албан хаагчдын хамт тус зөвлөмж, шаардлагад тусгагдсан цэргийн дүрмийн бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, биечилсэн болон камерын хяналт, ахуй хангалт, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, бодит хэрэгжилтийн түвшнийг газар дээр нь үнэлэн дүгнэв. Үүний хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, сургалт соён гэгээрлийн үйл ажиллагаа, эрүүл ахуйн орчин, дотоод журам, сахилга хариуцлагын хэрэгжилтийг шалгаж ажиллав.

Энэ үеэр Комиссын гишүүн Б.Энхболд тус ангийн удирдах алба хаагчид болон хугацаат цэргүүдтэй зөвлөмж, шаардлагын хэрэгжилт, биелэлтийн талаар ярилцаж, мэдээлэл солилцон, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, газар дээр нь зөвлөмж, чиглэл өгч ажилласан бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг зохих түвшинд хангасан, ахиц гарсан гэж дүгнэв.

Комиссоос 2025 онд Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги байгууллагад гарсан дүрмийн бус харилцаатай холбоотой гомдол мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын хийж, Комиссын гишүүний хоёр зөвлөмжийг Хил хамгаалах ерөнхий газрын даргад, Комиссын гишүүний нэг шаардлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад хүргүүлээд байгаа юм. Түүнээс гадна Улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажиллах хүрээнд цэргийн анги, байгууллагад дүрмийн бус харилцаа гарсан тохиолдол бүрд түүний шалтгаан нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авч ажиллаж байгаа юм.