Complaint
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨМЖИЙН ТОЙМ

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨМЖИЙН ТОЙМ

2026.07.09 66
Listen

Зөвлөмжийн утга, дугаар: Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, холбогдох хууль тогттомжийн хэрэгжилтийг хангах тухай аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт чиглэлээр хүргүүлсэн комиссын гишүүний 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07/12 дугаар зөвлөмж

Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Зөвлөмжийн агуулга: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх иргэний эрхийг тодорхойлж, Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтоож, цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах зарчмыг баримтлахаар хуульчилсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байх ба гишүүнийг Хурлаас гурван жилийн хугацаагаар томилж, аймаг, нийслэлийн Засаг дарга Иргэний зөвлөлийн хараат бус байдлыг нь хангаж, төсөв болон гишүүдэд олгох мөнгөн урамшууллыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/133 дугаар тушаалаар “Иргэний зөвлөлийн дүрэм”-ийг баталсан боловч хэрэгжилт хангалтгүй, зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томилох үйл явц, зөвлөлийн үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдал бүрэн хангагдаагүй байна.

Иймд дараах чиглэлүүдээр тодорхой арга хэмжээ авч, ажил зохион байгуулж, үр дүнг тооцон, биелэлтийн мэдээллийг Комисст ирүүлэхийг зөвлөжээ. Үүнд:

1.Иргэний зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг үр дүнтэй зохион байгуулж, зөвлөлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулах;

2.Шинээр болон нөхөн томилогдсон зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах;

3.Иргэний зөвлөлийн төсөв, гишүүдэд олгох мөнгөн урамшууллын санхүүжүүлэх, зөвлөлийн хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах;

4.Иргэний зөвлөлийн зорилго, ач холбогдол, үйл ажиллагааны үр нөлөөг олон нийтэд сурталчлах, зөвлөлийн иргэд, олон нийттэй харилцах арга хэлбэр, цахим сувгийг тодорхой болгож, шаардлагатай мэдээ, мэдээллийг тогтмол шинэчлэн хүргэж байх;

5.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хагас жил, жилийн төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлийн тайланд Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулсан талаарх тайлан мэдээг заавал тусгаж байх;

6.Иргэний зөвлөлийн дүрмийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, дүрмийн зохицуулалтыг сайжруулахтай холбогдох саналаа ирүүлэх;

7. Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг цаашид үр дүнтэй зохион байгуулахад чиглэсэн арга хэмжээг судлан тодорхойлж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж байх;

Зөвлөмжийн биелэлт, үр дүн: -Зөвлөмжийн 7 заалтын биелэлтийг нэгтгэн үзвэл биелэлт 46 хувьтай байна.

-Иргэний зөвлөлийн үйл ажиллагаанд 2014 (2017) оноос хойш тогтмол дэмжлэг үзүүлж, бүрэлдэхүүнийг тухай бүр сонгон шалгаруулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг тасралтгүй зохион байгуулж ирсэн Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгийн туршлага нь цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтыг бэхжүүлж, цагдаад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хэв шинжийг хэвшүүлэх замаар хүний эрх, эрх чөлөөг хангах бодит чадамж орон нутагт төлөвшиж байгааг илэрхийлж байна. (нийслэлийн Иргэний зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл байгаа боловч зөвлөмжийн биелэлтийг ирүүлээгүй тул энд дурдаагүй болно.)

-Орон нутгийн төсөв санхүүжилтийн хүрэлцээгүй нөхцөл байдалд Иргэний зөвлөлийн гишүүдэд олгох урамшуулал, үйл ажиллагааны зардлын төсвийг жил бүр шийдвэрлэж, зөвлөлийн үйл ажиллагаанд тасралтгүй дэмжлэг үзүүлж байгаа Булган, Дорноговь, Хэнтий, Ховд аймгийн санаачлага нь иргэдийн сайн дурын идэвх, санаачлагад тулгуурлан төрийн үйл ажиллагаан дахь оролцоог дэмжих, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх явдал нь төсвийн хүндрэлтэй байдлаас шууд хамаарахгүй болохыг нотолж байна.

-Комиссын гишүүний зөвлөмжийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч өмнө нь байгуулагдсан Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, бүрэлдэхүүнийг томилж, гишүүдийн урамшууллын хэмжээг тогтоон олгох, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх талаар Дундговь, Баян-Өлгий, Сүхбаатар, Говьсүмбэр, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтын арга хэмжээ нь цагдаагийн байгууллагад тавих олон нийтийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэхэд Иргэний зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх мэдээллийг нийтэд хүртээмжтэйгээр түгээх замаар иргэдийн идэвх, оролцоог өрнүүлэх боломжтойг харуулж байна.

-Иргэний зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг үр дүнтэй зохион байгуулж, бүрэлдэхүүнийг томилон үйл ажиллагааг эхлүүлж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Баянхонгор, Увс, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхаарал хандуулж байна. Түүнчлэн Иргэний зөвлөлийн гишүүдэд олгох урамшуулал, үйл ажиллагааны санхүүжилт, төсөвтэй холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлыг тодорхой болгон шийдвэрлэсэн тохиолдолд сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг Төв, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн албан бичигт дурджээ.

Комиссын гишүүний зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ирүүлсэн мэдээлэлд үндэслэн, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулж байгаа Цагдаагийн албаны тухай хууль, Иргэний зөвлөлийн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, зохих нэмэлт, өөрчлөлт оруулж, үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээ авах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад зөвлөмж хүргүүлэн ажиллах болно.