Complaint
Комиссын гишүүний зөвлөмж

Комиссын гишүүний зөвлөмж

2026.05.11 122
Listen

Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Гомдол, мэдээллийн агуулга: “...нийслэл хотод дуу чимээ ихтэй техник хэрэгслийг шөнийн цагаар ажиллуулан, барилга угсралтын ажил гүйцэтгэж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа тухай

Дүгнэлт: Барилгын тухай, Зөрчлийн тухай хууль болон холбогдох журам, норм ба дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах, барилгын ажил гүйцэтгэгч байгууллага, иргэдийг мэдээллээр хангах, хяналт тавих үүрэг төрийн захиргааны төв болон нийслэлийн захиргааны байгууллагуудын дунд орхигдсон, шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой гарч буй дуу чимээний асуудлаар иргэд хаана, ямар байгууллагад хандах, гомдол хүлээн авах утасны дугаар нь тодорхойгүй, энэ талаар иргэдийг  нээлттэй, ил тод, хүртээмжтэй мэдээллээр хангах ажил хангалтгүй байна.

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл (Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол)-д эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд шаардлагатай тохиолдолд барилгын үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэсэн зохицуулалт хэрэгждэггүй, шинээр төлөвлөгдсөн барилга байгууламж, барилгын үе шатны ажлын талаар тухайн нутаг дэвсгэрт оршин суугчдад урьдчилан мэдээлэл өгөх, иргэдийн санал, хүсэлтийг авах, түүнд үндэслэн ажил гүйцэтгэх хугацаа, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, зөвшилцөх зэрэг иргэдийн бодитой оролцоог хангах ажил хийгдэхгүй байна.  

Дуу чимээг хэмжихэд стандартын баталгаажсан багаж ашиглах, хэрэглэх, хэмжилтийн мэдээллийг ил тод байршуулах ажил төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагад хэвшээгүй, зохицуулалтгүй орхигдсон, түүнчлэн нийслэл хотын дүрэмтэй байх ба түүнд дуу, чимээний бохирдлын хяналтын асуудлыг тусгахаар хуульчилсан боловч одоогоор дүрэм батлагдаагүй байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасныг үндэслэн Комиссын гишүүний зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн.

Үүнд: нийслэлд шөнийн цагаар дуу чимээ ихтэй техник хэрэгсэл ашиглан барилга угсралтын ажил гүйцэтгэн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа нөхцөл, шалтгааныг арилгах, зөрчлийг шуурхай таслан зогсоох арга хэмжээ авах, гомдол, мэдээлэл хүлээн авах байгууллага, утасны мэдээллийг ил тод болгох, барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгохдоо иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөхөөс хамгаалах арга хэмжээ авсан эсэхийг урьдчилан шалгах, хэрэгжилтийг хангуулах, иргэдтэй зөвшилцөх, мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд бичгээр зөвшөөрөл авах, хохирол нөхөн төлөх зэргээр иргэд олон нийтийн бодитой оролцоог хангах, хотын дүрэмд дуу чимээний хэмжилт хийх гар болон суурин багаж суурилуулах, ашиглах, дуу чимээг бууруулах хашаа, хашлага, хамгаалалт суурилуулах, шинэ технологи ашиглах, иргэдийн төвлөрөл ихтэй газарт шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэхийг хязгаарлах, хяналтыг сайжруулах зохицуулалтыг тусгах зэрэг асуудлаар зөвлөмж хүргүүлсэн. 

  • Зөвлөмжийн биелэлт

Нийслэлийн Засаг даргаас 2025.11.20-ны өдрийн 01/7540 дугаар албан бичгээр “...шөнийн цагаар барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ барилгын ажлаас үүсэх дуу чимээний хаалт, хашлагыг суурилуулах, хэт дуу чимээ үүсгэх авто механик, тоног төхөөрөмж ашиглахаас татгалзах, барилгын ажлын зураг төсөлд нийтийн болон гуравдагч этгээдийн эрх ашигт нөлөөлөх эрсдэлийг тодорхойлох зэрэг асуудлаар “анхаарч ажиллах тухай” зөвлөмжийг барилга байгууламжийн угсралтын үйл ажиллагаа эрхлэгч 253 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн, гомдол мэдээллийг Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200, шуурхай дуудлагын 310005 дугаараар өгөх боломжтой бөгөөд, ажлын цагт (8 цаг) ажилладаг 37 утас, мөн 24 цагийн турш ажилладаг 4 утас ажиллуулж байгаа, иргэдээс ирүүлсэн 86 өргөдөл гомдлын дагуу газар дээр нь ажиллаж, угсралтыг шаардах хуудсаар зогсоож ажилласан, НИТХ-ын 2023 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан UCS2001 А:202З Дуу чимээний бохирдлыг бууруулах технологи арга зүйн менежмент хотын стандартад Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч боловсруулж байгаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг хүн амын нягтрал өндөртэй бүсүүдэд дуу чимээний бохирдол хэмжих багаж суурилуулахыг барилга байгууламж эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон...” гэсэн хариу ирүүлсэн.

Зөвлөмжийн тойм №

Огноо: 2025.09.22

Дугаар: № 01/46

Төлөв: Хэрэгжих шатанд.