Өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн (МСНЭ) Ерөнхийлөгч Л.Нинжжамц болон Сайт хариуцсан дэд Ерөнхийлөгч У.Уранцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүн И.Отгонжаргал нарыг хүлээн авч уулзан, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний баталгаа, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн орчин, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Комиссын дарга Д.Сүнжид 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль нь хэвлэл мэдээллийн салбарын хараат бус, бие даасан, олон ургалч үзэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн ч өнөөгийн нөхцөлд хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн найруулах шаардлага үүссэнийг онцлов.
Тэрээр Комиссоос Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд холбогдох саналуудыг хүргүүлэн ажилласан талаар мэдээлэв.
Мөн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд хүний эрх хамгаалагч сэтгүүлчдийн нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд тусган, хууль тогтоомж, бодлогын түвшинд хэрэгжүүлэх саналуудыг Улсын Их Хуралд хүргүүлснийг танилцууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь сэтгүүлчийг шалгах, мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжид заасан эрх, эрх чөлөө хангагдсан эсэхэд хяналт тавин ажилладаг болохыг тодотгов.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц: Сэтгүүлчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор хүний эрхийн сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэн хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх чиглэлээр Комисстой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засгийн хараат байдал, тухайлбал улс төрч, төсвийн зардлаар санхүүжих асуудал байна.

Мөн нэр төр, алдар хүндтэй холбоотой маргааны ихэнх нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг чиглэж байгаа нь хараат бус, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг онцлов. Өндөр дүнтэй нэхэмжлэл, эрүүгийн болон зөрчлийн хариуцлага нь хараат бус байх, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэх зоригийг мохоохоос гадна сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулдаг. Мөн сэтгүүлчдийг мэргэжлийн ажлаа хийснийх нь төлөө гутаан доромжлох, гүтгэх, гэр бүлийн гишүүдийг заналхийлэх зэрэг асуудал нь сэтгүүлчдэд сэтгэл зүйн шарх үүсгэдэг. Тиймээс сэтгүүлчдийг хүний эрх хамгаалагчийн хувьд сэтгэл зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Комиссын гишүүн С.Дондов сэтгүүлчтэй холбоотой эрүүгийн болон иргэний хэрэг, маргаанд хийсэн дүн шинжилгээний үр дүнг танилцуулж, эрүүгийн 10 хэрэгт хохирогчоор тогтоогдсон 14 хүний 9 нь улс төрийн албан тушаалтан байсан талаар онцоллоо.
Мөн Комисс сэтгүүлчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэн ажилладаг талаар танилцууллаа. Тухайлбал, сэтгүүлчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгасан эсэх, хууль зүйн туслалцаа авах эрх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан эсэх, хууль бус дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт, дур мэдэн баривчлах, саатуулах зэрэг хүний эрхийн зөрчил гарсан эсэхийг Комисс бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгадаг. Шалгалтын дүнд хүний эрхийн зөрчил тогтоогдсон тохиолдолд холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлэх, зөрчлийг арилгуулах талаар зохих арга хэмжээг авч ажиллаж байгаагаа дурдав.
Уулзалтын төгсгөлд талууд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний баталгааг бэхжүүлэхэд гадаад дотоодын түншлэгчтэй хамтран ажиллах, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, хүний эрхэд суурилсан хараат бус сэтгүүл зүйг дэмжих, сэтгүүлчдэд хүний эрхийн дагнасан сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв.