Гомдол
“Түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт сургалтаар хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ

“Түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт сургалтаар хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ

2026.08.28 255
Сонсох

Өнөөдөр (2026.08.28) Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран тус холбооны (МҮЭХ) гишүүн байгууллага, анхан шатны хороодын дарга, ажил олгогч болон албан хаагчдын төлөөлөлд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг хэрхэн хангах талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийт 220 хүн хамрагдаж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэв. 

Сургалтын үеэр ХЭҮК-ын “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь” сэдвээр Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдвээр ХЭБХ-ийн референт Б.Батцоож нар мэдээлэл өглөө.

Тухайлбал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д заасан хүний эрх хамгаалагчийн эрхийг хангах, хамгаалах агуулга бүхий заалтыг дотоод журамд тусгахдаа удирдлага, албан хаагчдын эдлэх эрх, хүлээх үүрэг, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх процесс хүн бүрт ойлгомжтой тодорхой байх, хэрэв хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдлыг шийдвэрлэсэн бол энэ талаар нийт алба хаагчдад тогтмол мэдээлж байх зэрэг асуудлыг зайлшгүй тусгах талаар танилцуулав.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд нь хүний эрхийг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд энэ нь тухайн байгууллагууд нь хүний эрхийг зөрчихөөс зайлсхийх мөн өөрийн үйл ажиллагаатай холбоотойгоор хүний эрхэд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллийг нэн даруй олж илрүүлж шийдвэрлэх шаардлагатай байдгийг онцлоод холбогдох хууль тогтоомж, хүний эрх хамгаалагчийн эрхийн хамгаалалт, бизнесийн үйл ажиллагаа болон хүний эрхийн харилцан хамаарал, байгууллага, ажил олгогчдын анхаарах асуудлыг онцоллоо.

Мөн оролцогчид хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд талуудын хамтын ажиллагаа чухал болох тухай, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, эрхийг нь хамгаалах аргачлалыг практикт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.