Гомдол
“Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” хэлэлцүүлэг боллоо

“Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” хэлэлцүүлэг боллоо

2026.04.30 54
Сонсох

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР-2026-г угтан Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээнээс “Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд зохион байгуулагдлаа.

Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээнд ХЭҮК дэмжигч гишүүнээр ажилладаг бөгөөд Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга, доктор, Б.Эрдэнэбат “Хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах, төрийн байгууллага, албан тушаалтны үүргийн хэрэгжилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “Хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн хэвлэл мэдээллийн салбарын асуудал биш юм. Энэ нь ардчилсан нийгмийн тулгуур суурь юм” гэж онцоллоо.

Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмын хүрээнд хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар Комисс 2023 онд хүргүүлсэн 22 дахь илтгэлийн хүрээнд  УИХ-аас 49 дүгээр  тогтоол, 2024 онд 23 дахь илтгэлийн хүрээнд 37 дугаар тогтоол,  2025 онд 24 дэх илтгэлийн хүрээнд 77 дугаар тогтоолыг тус тус батлан гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн боловч тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна.

Эрх нь зөрчигдсөн эрх хамгаалагчдад эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх механизм, санхүүгийн тогтвортой дэмжлэг шийдэгдээгүй, институтийн дэмжлэг сул, хамгаалалтын механизм ойлгомжгүй, удаашралтай байгаагаас шалтгаалан хүний эрх хамгаалагчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бодит саад бэрхшээл тулгарч байна.

Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт судалгааны үр дүнд үндэслэн хүний эрх хамгаалагчийн эрхийг хангах төрийн байгууллага, албан тушаалтан хуулийн этгээдийн нийтлэг үүргийг бодитой хэрэгжүүлэхийн тулд хуулийн хэрэгжилтийн хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэгийн тогтвортой механизмыг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хамгаалалтын институтийн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэж байна.

Уг хэлэлцүүлгийг ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дэмжлэгээр зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлгийн нээлтэд Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний  комиссын нарийн бичгийн дарга    Б.Чинүүхэй нар оролцлоо.

 Мөн Глоб интернэшнл төвийн ТУЗ-ын дарга Х.Наранжаргал мэндчилгээ дэвшүүлсэн бол НҮБ-ын Суурин төлөөлөгч Яап ван Хиердэн, ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захирал, профессор Шабхаз Хан нар видео мэндчилгээ ирүүллээ. ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын захирал, профессор Шабхаз Хан ирүүлсэн  мэндчилгээнд  “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “Энх тайван ирээдүйг бүтээх нь” хэмээх энэ жилийн сэдэв нь тодорхой утга санааг агуулж байна. Үнэнгүйгээр энх тайвныг цогцлоох боломжгүй. Чөлөөт, хараат бус сэтгүүл зүйгүйгээр үнэн оршихгүй. Сэтгүүлчид дарамт шахалт, айдас дор, хамгаалалтгүй ажиллаж байгаа цагт олон нийтийн итгэл тогтвортой байхгүй” хэмээв. Энэхүү хэлэлцүүлгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж буйд анхаарлаа хандуулахыг уриалж, Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх хэвлэлийн эрх чөлөө, Олон нийтийн мэдэх эрх ба нийтийн албан тушаалтны мэдээлэл өгөх үүрэг зэрэг сэдвээр хэлэлцлээ.