Гомдол
“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа

“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа

2026.04.24 90
Сонсох

Арга хэмжээний хүрээнд хүний эрхийн сургалт зохион байгуулж, хөдөлмөрлөх эрхийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хүний эрхийн кино хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тухайлбал хүний эрхийн сургалтаар Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад хүний эрхийн хэрэгжилтэд хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ойлголт хүргэж ажиллав.

Нээлтэд ХЭҮК-ын дарга, доктор Д.Сүнжид оролцож, ХЭҮК-ын хуулиар хүлээсэн чиг үүрэг, Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж буй үйл ажиллагааны талаар оролцогчдод товч мэдээлэл өглөө.

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат энэ үеэр хүний эрх бол нэр төр, хүний эрхэм чанар, тэгш боломжийн баталгаа бөгөөд хүний эрх хамгаалагдсан нийгмийг бүтээхэд онцгой анхаарч ажиллаж буйгаа онцоллоо.

Сургалтын хүрээнд:

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: “Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”

референт Ц.Рэнцэндулам: “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах төрийн байгууллага, албан тушаалтны нийтлэг үүрэг”

референт О.Тодбулаг: “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа, Ажлын байрны дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийт 57 удирдах албан хаагч хамрагдсан бөгөөд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид оролцогчдод хандан хүний эрхийн хэрэгжилтэд удирдах албан тушаалтны манлайлал чухлыг онцолж, хүний эрхийг хамгаалах цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Энэ удаагийн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд Боловсролын салбар дахь хүүхдийн эрх, хамгаалал сэдэвт сургалтад ерөнхий боловсролын 45 сургуулийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ухааны багш нарт сургалт зохион байгууллаа. Оролцогчид үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхэд хүн бүрийн оролцоо чухлыг илэрхийлж байв.

Мөн үеэр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн ойлголтыг богино хэмжээний кино хэлэлцүүлгээр дамжуулан хүргэлээ. Хэлэлцүүлэгт 1, 2, 3, 4 дүгээр сургууль, Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль, МСҮТ-ийн 185 суралцагч хамрагдлаа.