Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг 21 аймаг, сумдад зохион байгуулж ирсэн.
Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймагт тус арга хэмжээг эхлүүллээ.
“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд аймгийн удирдлагуудтай хүний эрхийн нөхцөл байдлын талаар уулзалт зохион байгуулах, батлагдсан удирдамжийн дагуу сонгогдсон байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хяналт шалгалт хийх, зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, хүний эрхийн сургалт зохион байгуулах, иргэд, олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол, мэдээлэл хүлээн авах арга хэмжээ зохион байгуулагдах юм.
Арга хэмжээний хүрээнд өнөөдөр аймгийн удирдлагууд болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудтай санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Комиссын дарга Д.Сүнжид Говь-Алтай аймаг хүндээ зориулсан зорилго зорилтуудыг дэвшүүлээд хүний эрхийг хангах хамгаалахад анхаарч ажиллаж байгааг онцолсон бол Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Хүний хөгжлөөр улсдаа манлайлах зорилго дэвшүүлж дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Говь-Алтай 80+ хөтөлбөр, сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх чиглэлээр Боловсролын чанарыг сайжруулах, Хүүхдийн эрхийн чиглэлээр “Хамтын шийдэл-Хамгаалагдсан ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гээд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөрөнгөтэй орлоготой байх, хүн ам зүйн бодлого, жендэрийн асуудалд анхаарч орон нутгийн богино болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд тодорхой зорилтууд дэвшүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.

ХЭҮК сүүлийн 5 жилийн хугацаанд Говь-Алтай аймагт хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр 15 хяналт шалгалт зохион байгуулж, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд 18 шаардлага, зөвлөмжийг хүргүүлж ажилласан байна.
