Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд ХЭҮК, Увс аймгийн ҮЭХ, аймгийн ЗДТГ хамтран "Хөдөлмөрлөх эрх" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Увс аймаг дахь хөдөрмөрлөх эрхийн нөхцөл байдал, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар оролцогчдын саналыг сонсож, анхаарах асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт Комиссын дарга, доктор Д.Сүнжид "Монгол Улс дахь хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал, хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь", ХЭҮК-ын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул "Увс аймгийн иргэд, төрийн албан хаагчдаас Комисст ирүүлж буй гомдол, мэдээлэл, шийдвэрлэлт", Увс аймгийн ҮЭХ-ны дарга Ц.Пүрэвжав "Увс аймгийн ҮЭХ-ноос зохион байгуулж буй үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал", "Улаангом сумын "Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо"-ны Нарийн бичгийн дарга Д.Энхтуяа хорооны үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгээр Увс аймгаас Комисст ирж буй гомдол мэдээллийн 50 орчим хувийг хөдөлмөрийн маргаан эзэлж байгаа бөгөөд хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх ажиллагааны баримтжуулалт, шүүхэд хандаж буй иргэдийн хувьд нотлох баримт хангалтгүй байдаг зэрэг асуудлуудыг хөндөж байлаа.
