Гомдол
Иргэний харьяалалтай байх нь иргэний бусад эрх, эрх чөлөөг эдлэх суурь нөхцөл юм

Иргэний харьяалалтай байх нь иргэний бусад эрх, эрх чөлөөг эдлэх суурь нөхцөл юм

2026.05.25 94
Сонсох

Монгол Улсын иргэний харьяаллаас өөрийн хүсэл зоригоос гадуур гарсан, Монгол Улсад байнга оршин сууж байгаа боловч иргэний харьяалалгүйгээс сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, нийгмийн халамж авах эрх нь зөрчигдсөн гэх гомдол, мэдээлэл Хүний эрхийн Үндэсний Комисст цөөнгүй ирдэг. Дээрх  асуудлууд болон давхар иргэншилтэй, Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээх хүсэлтэй боловч санхүүгийн болон бусад хувийн шалтгаанаар Казахстан Улсын харьяатаас гарахад бэрхшээл учирч байгаа хүмүүсийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор Комиссын гишүүн Г.Нарантуяа, референт И.Мөнхбаяр, референт Л.Уранчимэг нар Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Хяналт, үнэлгээг Баян-Өлгий аймгийн Засаг дарга, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газартай хамтран  зохион байгуулж байна.

Энэ хүрээнд аймгийн Засаг дарга, Улсын бүртгэлийн хэлтэс, Гадаадын иргэн, харьяатын хэлтэс, Боловсролын газар, Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай албан уулзалт хийж, 70 гаруй иргэнтэй уулзаж, тэдний болон гэр бүлд тулгамдсан асуудлыг нь сонслоо.

Улсын хэмжээнд Монгол Улс, Казахстан Улсын давхар иргэншилтэй гэх 1,200 орчим иргэн, Баян-Өлгий аймагт иргэний харьяалалгүй 36 өрхийн 41 иргэн бүртгэгджээ. Монгол Улсын харьяатаас гарч, Казахстан улсын харьяат болсон боловч Баян-Өлгий аймагт байнга оршин сууж байгаа 450 орчим хүний 130 нь Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээх хүсэлтэй байгаа нь судалгаанд тусжээ.  Гэвч тэдний багагүй хэсэгт Казахстан Улсын харьяатаас гарахаар тухайн улс руу хүрэлцэн очиход шаардагдах төлбөр, хураамж төлөхөд хүндрэл учирч байгаагийн зэрэгцээ паспортын хүчинтэй хугацаа дууссаны улмаас зорчих боломжгүй болсон зэрэг бэрхшээл тулгамдаж байна.

Иргэншил, иргэний харьяаллын асуудлыг хүний эрхийн зарчим, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхэд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газартай хамтран ажиллах юм.