Гомдол
Эрсдэлд буй хүний эрхийн хамгаалагчдад шуурхай хамгаалалт, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлж байна.

Эрсдэлд буй хүний эрхийн хамгаалагчдад шуурхай хамгаалалт, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлж байна.

2026.06.04 64
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэй  “Эрсдэлд буй хүний эрхийн хамгаалагчдад шуурхай хамгаалалт ба сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.  

Уг төслийн нээлт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор, профессор Д.Сүнжид төслийн ач холбогдлыг онцлон хэлэхдээ, “Энэхүү төслийн үр дүнд хүний эрх хамгаалагчдад үзүүлэх сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, мэргэжлийн байгууллагуудын оролцоонд тулгуурласан тогтвортой хамтын ажиллагааны механизм бүрдэх эхлэл болно хэмээн харж байна.  

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газрын хамт олонд талархал илэрхийлье" гэлээ.  

Уг төслийн зорилго нь эрсдэлд өртсөн хүний эрх хамгаалагчдад сэтгэл зүй, хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үйлчилгээний жишгийг бий болгох, төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдүүдийн хүний эрх хамгаалагчийг хамгаалах нийтлэг үүргийн хэрэгжилтийг сайжруулах, сургагч багш бэлтгэх, байгууллагын дотоод журамд хамгаалалтын зохицуулалтыг тусгах замаар хууль болон олон улсын зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад чиглэж байгаа юм. 

Энэ үеэр Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Комисоос Хүний эрх хамгаалагчийг хамгаалах талаар явуулж буй үйл ажиллагаа, эрсдэлд орсон Хүний эрх хамгаалагчийг хамгаалахад анхаарвал зохих асуудлын талаар илтгэл хэлэлцүүлэв.   

Тэрээр төрийн байгууллага, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хамгаалах талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, Хүний эрх хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр байгууллага хоорондын уялдаа холбоо сайжруулах, мэдээлэл солилцох, эрсдэлийг үнэлэх, хариу арга хэмжээ авах хяналт шинжилгээний үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.  

Мөн орон нутагт хүний эрх хамгаалагчийг хамгаалалтад авах асуудал хүндрэлтэй байдаг. Тухайбал ЦЕГ-т хамгаалалтад авахуулах талаар албан бичиг хүргүүлэхэд Хамгаалах байргүй сумын төвөөс аймгийн төв рүү хол зам туулж явах боломжгүй, бага насны хүүхэдтэй иргэд тэднийгээ орхиж  аймгийн төвд хамгаалалтад орж чадахгүй байгаа зэрэг хүндрэл тулгарч байгаа талаар танилцууллаа.  

Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд  хурандаа Э.Пүрэвбаатар ЦЕГ-ын Гэрч, хохирогчийн хамгаалалтын талаар, мөн ХЭҮК -ийн ХЭХХ-ийн дарга Б. Эрдэнэбат хүний эрх хамгаалагчийн механизмийн талаар мэдээлэл өглөө. Цагдаагийн дэд  хурандаа Э.Пүрэвбаатар Хүний эрх хамгаалагчийн хорооны Эрсдлийн дүгнэлтээр хамгаалалтад авахуулахаар ирүүлж буй иргэдийг хамгаалалтад авч буй үйл явц, мөн шилжүүлэн ирсэн иргэдээс хамгаалах байрны нөхцөл, журамтай танилцаад хамгаалалтад авахуулахаас сайн дураараа татгалзах асуудал, эрсдлийн үнэлгээнүүдийн талаар нэг ойлголттой болох, хамтран сайжруулж ажиллах зэрэг асуудлыг хөндөв. 

ХЭҮК-оос өнгөрсөн хугацаанд хүний эрх хамгаалагчийн асуудлаар 14 дүгнэлт, 25 зөвлөмж, 2 шаардлага хүргүүлэн ажилласан бөгөөд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тулгамдаж буй асуудлыг тусгаж, 2024 онд УИХ-ын 37-р тогтоол, 2025 онд УИХ-ын 77-р тогтоолд тусгуулсан боловч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар хөндөв.  

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Ази тивд хүний эрх хамгаалагчийг хамгаалах тусгай хуультай анхны улс болсон нь дэвшилттэй боловч хүний эрх хамгаалагчдад шуурхай хамгаалалт үзүүлэх, сэтгэл зүй болон хууль, эрх зүйн дэмжлэгээр хангах тогтолцоо хангалтгүй хэвээр байгааг судалгаа, хяналт шинжилгээний үр дүн харуулж байгаа талаар оролцогчид тодотгов.  

Түүнчлэн  оролцогчид, иргэний нийгмийн байгууллагаас эрсдэлд өртсөн хүний эрх хамгаалагчид яаралтай тусламж үзүүлэх, амьжиргааны зардлыг шийдвэрлүүлэх, хамгаалалтын хэрэгслээр хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, нүүлгэн шилжүүлэх, мөн хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах, тухайлбал харилцаа холбооны хэрэгслийг нь хамгаалах зэрэг  асуудлыг олон улсын жишигт нийлцүүлж, өөрийн орны онцлог нөхцөл байдлыг харгалзан бий болгох хэрэгтэй хэмээн онцолж байв.  

Зарим тохиолдолд хүний эрх хамгаалагч өөрөө хамгаалалт авахаас татгалздаг. Тухайлбал хамгаалуулагчийг “байнга дагаж явах, эсвэл гэрт нь байрлаж хамгаалах гэх мэт асуудал хүндрэлтэй байдаг. Мөн Засгийн газрыг шүүмжилж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байхад Цагдаагийн байгууллагаас хамгаалалт авах эсэхдээ эргэлзэж байна” гэх мэт шалтгааныг хэлдэг байна.  

Өнөөдрийн хэлэлцүүлэгт төр, иргэний нийгмийн байгууллага, хүний эрх хамгаалагчид, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд зэрэг олон талт төлөөллийг хамруулсан бөгөөд цаашлаад оролцогчид хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиг үүрэг бүхий хараат бус бие даасан, тусгай байгууллага байх нь илүү ач холбогдолтой байж болох талаар санал дэвшүүлж байлаа.  

Төслийн үр дүнд хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хамгаалах нэгдсэн аргачлал төрийн байгууллагуудад нэвтэрч, эрсдэлд өртсөн хамгаалагчдад хүрэх дэмжлэгийн үйлчилгээ өргөжихийн зэрэгцээ төрийн байгууллага, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын мэдлэг, чадавх сайжирч, хүний эрх хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны тогтолцоог улам бэхжүүлэхээр зорьж байгаа юм.