Гомдол
Увс аймагт “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээ эхэллээ

Увс аймагт “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээ эхэллээ

2026.04.20 93
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг 21 аймаг, алслагдсан сумдад зохион байгуулж ирсэн.

Энэ хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймагт, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт, 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Айлтай аймагт “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг зохион байгуулах юм.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймагт тус арга хэмжээг эхлүүллээ.

“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд аймгийн удирдлагуудтай хүний эрхийн нөхцөл байдлын талаар уулзалт зохион байгуулах, батлагдсан удирдамжийн дагуу сонгогдсон байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хяналт шалгалт хийх, зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, хүний эрхийн сургалт зохион байгуулах, иргэд, олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол, мэдээлэл хүлээн авах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Аймгийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцох уулзалтад ХЭҮК-ын ажлын хэсэг, Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, холбогдох төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд хийх ажлыг танилцууллаа. Уузалтаар талууд Увс аймаг дахь хүний эрхийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцов. Тухайлбал хөдөлмөрлөх эрхийн асуудал, хүүхдийн эрх хамгаалал, үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, сургуулийн дотуур байр, эрүүл мэндээ хамгаалуулах эрх зэрэг хүний эрхийн асуудлын талаар ярилцлаа.

ХЭҮК сүүлийн 5 жилийн хугацаанд Увс аймагт хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр 30 хяналт шалгалт зохион байгуулж, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд 26 шаардлага, зөвлөмжийг хүргүүлж ажилласан байна.