Гомдол
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө

2026.04.17 65
Сонсох

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хамтарсан зөвөлгөөн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус дүүргийн Цагдаагийн газарт зохион байгуулагдлаа.

Зөвөлгөөнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан оролцож, “Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, анхаарах асуудал”-ын талаар прокурор, мөрдөгч нарт мэдээлэл өглөө.  

Түүнчлэн  хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах хүрээнд хүргүүлсэн Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг бүрэн хэрэгжүүлэх,  Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийн мөрөөр гарч байгаа шийдвэр, Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийг байгууллага бүр өөрийн төсөвтөө заавал суулгадаг болох асуудлыг онцоллоо.

Мөн хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэр, үйл ажиллагаа болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах, энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зарчмууд болон хүүхдээс мэдүүлэг авах орчин, нөхцөлийг сайжруулах, нэг удаа мэдүүлэг авах, дуу, дүрсний бичлэг ашиглах, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах асуудлыг анхааруулав.

Тус дүүргийн прокурорын газраас, 2026 оны эхний улирлын байдлаар бүртгэгдсэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны чанар үр дүнг сайжруулах, хэргийн хугацаа сунгалт, мөрдөгчийн ур чадвар, цаашид анхаарах асуудал, “насанд хүрээгүй хүн хохирсон болон холбогдсон” хэргийг мөрдөн шалгах болон хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлаар мөрдөгч нарт чиглэл өглөө.