Гомдол
Багахангай дүүргийн төрийн албан хаагчид “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг дэмжих, хүндэтгэх, хамгаалах” мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ

Багахангай дүүргийн төрийн албан хаагчид “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг дэмжих, хүндэтгэх, хамгаалах” мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ

2026.04.15 82
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд нарын хамтарсан удирдамжийн дагуу Багахангай дүүргийн төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, албан хаагчид “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж сургалт зохион байгуулах нийтлэг үүргийг хэрэгжүүлэх аргачлал”-ын сургалтад хамрагдлаа.

Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат “ХЭҮК-оос жил бүр УИХ-д хүргүүлдэг Хүний эрхийн төлөв байдлын талаархи 25 дахь илтгэлээ хүргүүлсэн талаар мэдээлэл өгч, илтгэлийн IV бүлэгт дурьдсан “Хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах төрийн үүрэг”-ийн хэрэгжилтэд хийсэн судалгаагаар төрийн байгууллагууд нийтлэг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байгааг товч танилцуулаад Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газраас байгууллагуудын дотоод журамд тусгах аргачлалыг нэвтрүүлэх, арга зүйн сургалтыг хамтран зохион байгуулж буйд талархал илэрхийллээ.

Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат “”Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг дотоод журамд тусгах аргачлал” Сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн А.Балдангомбо “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм” сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Багахангай дүүргийн Засаг даргын орлогч Х.Цогцэцэг Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус дүүргийн төрийн байгууллага, албан тушаалтнуудад хүний эрх, хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах сургалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, цахимд орчинд хүний эрхийн зөрчил ихсэх хандлагатай байгааг дурдаад цаашид иргэдийн хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тус сургалтад Багахангай дүүргийн төрийн захиргаа, хууль сахиулах, төрийн үйлчилгээний байгууллагуудын удирдлага, албан хаагч нийт 100 гаруй хүн оролцлоо.