Гомдол
ХЭҮК орон нутгийн Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжихэд ЖҮХ-той хамтран ажиллана

ХЭҮК орон нутгийн Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжихэд ЖҮХ-той хамтран ажиллана

2026.04.14 109
Сонсох

 Өнөөдөр (2026.04.14) ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул холбогдох ажилтнуудын хамтаар ЖҮХ-ны хүсэлтийн дагуу Ажлын албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар малчин болон малтай өрх, залуу гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх,

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 25 дахь илтгэлийн 6 дугаар бүлэгт тусгагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд санал солилцов.

Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: "Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн дунд эрүүл мэнд, нийгмийн сөрөг үзүүлэлтүүд нэмэгдэж, амиа хорлолт, донтолт, осол гэмтэл, эрсдэлт зан үйлийн түвшин буурахгүй хэвээр байгаа ч зарим асуудал нь “харагдахгүй”, “яригдахгүй”, “бодлогод бүрэн тусахгүй байсаар байна.

Энэ нь зөвхөн хувь хүний асуудал бус нийгмийн хүлээлт, жендэрийн хэвшмэл ойлголт, нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлсийн нөлөөгөөр тодорхойлогдож байгаа юм.

Иймд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой  байх тул Комисс жендэрийн эрх тэгш байдалд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг судалгаа, дүн шинжилгээ, холбогдох байгууллагын баримт мэдээлэлд тулгуурлан дүгнэж, цаашид хэрэгжүүлэх бодлогын саналыг УИХ-д танилцууллаа” хэмээн онцоллоо.

ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш: "ЖҮХ-ны хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулаад цаашид эрэгтэйчүүдэд тулгамдаж буй болосрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудал мөн малчин болон малтай өрх, залуу гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн тусгайлсан бодлого, арга хэмжээ  авч хэрэгжүүлэх төлөвлөгөө, шийдлийг Засгийн газарт танилцуулах зорилго бүхий ажлын хэсэг байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч оролцохыг хүслээ".

Уулзалтаар Хүний Эрхийн үндэсний Комисс  орон нутгийн Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжихэд болон сургагч багш бэлтгэх, дээрх ажлын хэсэгт зөвлөн туслах  чиглэлээр Жендэрийн үндэсний хороотой хамтран ажиллахаар болов.

Монгол Улсын хүн амын статистик мэдээллээр 2024 оны байдлаар 3,441,598 хүн бүртгэлтэй байхаас 1,763,726 нь орон нутагт амьдарч байна. 

 

2025 оны байдлаар нийт 313,195 малчны 182,890 буюу 58.3 хувь нь эрэгтэйчүүд, ялангуяа 18–34 насны 69,311 залуу малчны 46,142  буюу 66.5 хувь нь эрэгтэй байгаа нь залуу малчдын дунд ч хүйсийн тэнцвэр алдагдсаныг илтгэнэ. 

Мөн 2024 оны байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нийт 809 хүн өртсөнөөс 546  буюу 67.5 хувь нь эрэгтэйчүүд байжээ. Ослын улмаас нас баралтын тоо 2020–2023 онд (34–57) байсан бол 2024 онд 87 болж нэмэгджээ. Энэ нь эрсдэл өндөртэй салбаруудад хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байгааг илтгэж, салбарын онцлогт нийцсэн зорилтот бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.