Гомдол
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭЛХИЙН ХОЛБОО (GANHRI)-НЫ 2026 ЭЭЛЖИТ ЧУУЛГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭЛХИЙН ХОЛБОО (GANHRI)-НЫ 2026 ЭЭЛЖИТ ЧУУЛГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

2026.04.04 75
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (GANHRI)-ны 2026 оны ээлжит хуралд оролцлоо. Тус хуралд хүний эрхийн үндэсний байгууллагууд, олон улсын байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагын 250 гаруй төлөөлөгч оролцов. 

Энэ удаагийн ээлжит хурлын үеэр хүний эрхийн үндэсний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хүний эрхийн тулгамдсан асуудлаар санал солилцох хэлэлцүүлгүүд өрнөлөө. 

Ээлжит хурлын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Ж.Хунан нар НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далай хариуцсан дарга Рори Мунговентой уулзаж НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар ноён Волкер Туркийн Монгол Улсад хийх албан айлчлалын бэлтгэл ажил, Монгол Улсад 2026 онд Ази-Европын Уулзалт (ASEM)-ын Хиймэл оюун ухаан ба хүний эрхийн албан бус асуудлаарх ээлжит 24 дэх уулзалтыг зохион байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ.   

Тухайлбал, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Шилжилт хөдөлгөөн ба хүний эрх” сэдвээр хэлэлцүүлэг болж, үүгээр цагаач иргэд, дүрвэгсэд, орогнол хүсэгчид, дотооддоо шилжин суурьшсан хүмүүс болон харьяалалгүй хүний эрхийн зөрчлийг хянах, баримтжуулах, хариуцлагыг шаардах, түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, орон байр, нийгмийн хамгаалал, зохистой хөдөлмөр зэрэгт хамрагдах эрхээ эдлэх боломжоор хангах, тэдгээр үйлчилгээний хүртээмжийг ойртуулахад хүний эрхийн үндэсний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар хэлэлцэв. 

Мөн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд хүний эрхийн үндэсний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг” сэдэвт бага хурал зохион байгуулагдлаа. Тус бага хурлын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Технологи ба хүний эрх” сэдэвт нээлттэй хяналт шалгалтын үр дүнгээ танилцуулж, туршлагаа хуваалцав. Тус бага хурлаар цахим шилжилт хүний эрхийн хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж буй, хүний эрхийн үндэсний байгууллагууд энэхүү өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хяналт, хиймэл оюун ухаан, цахим орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө,  мэдээлэл олж авах эрхийн хязгаарлалтыг онцлон хөндлөө. Мөн бага хурлын үеэр дижитал шилжилт болон шинээр хөгжиж буй технологийн хүрээнд хүний эрхийн үндэсний байгууллагуудын оролцооны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон үр дүнгийн баримт бичгийг батлав. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс энэхүү хуралд оролцсоноор хүний эрхийн үндэсний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдсан асуудлаар туршлага, мэдлэг солилцох, үйл ажиллагаагаа олон улсын чиг хандлага, сайн туршлагатай уялдуулах ач холбогдолтой юм.