Алтай хотын иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын албан хаагчдад хүний эрхийн сургалт (2026.03.24) зохион байгууллаа. Уг сургалтын зорилго нь хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, харилцан хүндэтгэлтэй хандлагыг бэхжүүлэхэд чиглэв.
Сургалтад тус газрын 20 албан хаагч хамрагдсан бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Золжаргал нь “Хүний эрх ба төрийн үүрэг” сэдвээр мэдээлэл хийж, хүний эрхийн ойлголт, ангилал, төрөөс хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн талаар ач холбогдолтой мэдээллийг оролцогчдод хүргэлээ.
Алтай хотын Тохижилт үйлчилгээний газар нь хотын өнгө үзэмж, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, тохижилт, үйлчилгээний ажлыг хариуцан хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад бодитой хувь нэмэр оруулж байдаг онцлогтой. Иймд тус газрын хамт олон өдөр тутмын ажлаараа дамжуулан хүний эрхийг хангах үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Хотынхоо цэвэр, тохилог орчныг бүрдүүлэх үйлсэд хариуцлагатайгаар ажиллаж буй Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
