Гомдол
Түлшний нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Түлшний нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

2026.02.10 54
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Дулаан байх нь хүний үндсэн эрх бөгөөд гэр хорооллын иргэдийг түлшний хязгаарлалтад оруулахгүй” байхад анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүрэг дэх түлш борлуулах цэгүүд болон “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаа, түлш үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ажиллалаа.

Баянгол дүүргийн 7 болон 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түлш борлуулах 5 цэгээр орж, борлуулагчид болон иргэдтэй уулзан нөхцөл байдлын талаар тодруулга авсан юм. Борлуулагчдын мэдээлснээр сүүлийн өдрүүдэд нэг цэгт нийлүүлэгдэж буй түлшний хэмжээ буурч, 5 тонн орчим болсон бөгөөд өдөрт нэг удаа тээвэрлэгдэн ирж байгаа түлш нь өглөө буусан даруйдаа 1-2 цагийн дотор дуусаж, иргэдийн дараалал үүсэх нөхцөл байдал бий болгож байгааг танилцуулав.

ХЭҮК-ын ажлын хэсэг 2025 оны 11, 12 дугаар сард мөн гэр хорооллын иргэдтэй уулзаж, нөхцөл байдлыг сонсож, шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох албаныханд сануулж, түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байв.

Энэ удаад мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авлаа. Тус компанийн зүгээс “Коксожсон түлшийг нийслэлийн хэмжээнд нийт 423 борлуулалтын цэгээр дамжуулан иргэдэд түгээж байгаа бөгөөд нийлүүлэлт буураагүй хэвийн үргэлжилж байна. Харин сар шинийн баяр ойртож, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор түлш тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийлүүлэлтийг замын ачаалал багассан цагуудад, зарим тохиолдолд шөнийн цагаар зохион байгуулж байгаа” гэх тайлбар өгсөн юм.

ХЭҮК түлшний үйлдвэрүүд шаардлагатай арга хэмжээг авч, иргэдийн дулаан байх эрхийг зөрчихгүйгээр, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатайг сануулж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсгийн шалгалт нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, сайжруулсан түлшний хүртээмж, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг бодит нөхцөлд үнэлж дүгнэх, цаашид холбогдох байгууллагуудад шаардлагатай зөвлөмж, чиглэл хүргүүлэхэд чиглэх болно.