Гомдол
Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээсэн нийтлэг үүргийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээсэн нийтлэг үүргийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2026.01.30 117
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээсэн нийтлэг үүргийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

Уулзалтын зорилго нь 2021 онд Улсын Их хурлаас баталсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээсэн нийтлэг үүргийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, салбар дундын уялдаа холбоог хангах, хамтран ажиллах арга замыг тодорхойлох байв.  

Уулзалт, хэлэлцүүлгийг нээж Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Хүний эрхийн Үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл нар үг хэллээ. 

Уулзалтын эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалах тогтолцоо” сэдвээр, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгах аргачлал” сэдвээр, “Оюуны–Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч Б.Төрболд Комиссын захиалгаар гүйцэтгэсэн “Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт-Төрийн үүрэг” судалгааны тайланг танилцууллаа. 


 

Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Э.Мөнхгэрэл, Төрийн албаны зөвлөлийн Ёс  зүйн хорооны Ажлын албаны Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга Б.Нарангарав, Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн Д.Ганзориг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлагч Л.Бархасбадь, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн М.Чинзориг, Хүний эрхийн хамгаалагчийн хорооны гишүүн Б.Баяраа, Г.Халиун, “Оюутолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Лхагважав, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны Хөдөлмөрийн харилцааны газрын дарга Э.Энхжаргал нар оролцож илтгэгчдээс асуулт асууж, өөрсдийн зүгээс хуулийн хэрэгжилтийг хангах талаар саналаа илэрхийллээ.  

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Комисс дангаараа хэрэгжүүлэх бус төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүрэг бөгөөд байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах нь хуулийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдгийг онцоллоо.   

Мөн тус уулзалтаар 2026 онд хамтран ажил хэрэг болгох санал, санаачилгыг ялангуяа хүний эрхийг хамгаалан ажиллаж буй хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжихэд бодлогын болон хэрэгжилтийн  чиглэлийг хэлэлцэж, цаашид хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.