Гомдол
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг, Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг, Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзлаа

2026.01.15 94
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд нар Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг, Элчин сайдын яамны төлөөллийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийлээ. 

Уулзалтаар талууд Монгол болон  Австрали улсын хооронд хүний эрхийн чиглэлээр олон жилийн туршид тогтвортой, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөж ирснийг онцлон, жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа цахим орчин дахь дарамт, хүчирхийллийн асуудал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан юм.   

ХЭҮК-ын зүгээс 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим судалгаа, дүн шинжилгээ, сургалт, нөлөөллийн ажлын чиглэлийг танилцуулж, Австралийн элчин сайдын яамтай хамтран ажиллах талаар санал солилцов.  

Тухайлбал, цахим орчин дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өсвөр насныхан, залуучуудад чиглэсэн хүний эрхийн мэдлэг боловсрол олгох нөлөөллийн ажил, мөн орон нутгийн түвшинд тулгамдсан хүний эрхийн асуудал, хүний эрхийг хамгаалах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. 

Австралийн Элчин сайд хоёр орны үнэт зүйл, ашиг сонирхол хүний эрх, ардчиллын чиглэлээр нийцэж байгааг онцолж, цаашид ХЭҮК-той хамтын ажиллагааг бэхжүүлж, үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.