Гомдол
ХЭҮК, ХЗДХЯ хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо

ХЭҮК, ХЗДХЯ хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо

2025.12.22 82
Сонсох

Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд ХЭҮК, ХЗДХЯ хамтран ажиллах, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид,  Комиссын гишүүд С.Дондов, Х.Мөнхзул, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд нар болон Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, холбогдох албан хаагчидтай өнөөдөр (2025.12.22) уулзалт хийлээ. 

Комисс Монгол Улсын Засгийн газарт 2025 онд нийт 19 удаагийн Комиссын гишүүний зөвлөмж, 4 удаагийн Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлсэн бөгөөд Комиссын нийт хүргүүлж буй шаардлага, зөвлөмжийн 80 орчим хувь нь Засгийн газар, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт хаяглагдаж байгааг онцоллоо.  

Энэ хүрээнд Засгийн газрын харьяа байгууллагуудад хүргүүлсэн Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллахад Хууль зүй, дотоод хэргийн яам манлайлан ажиллах шаардлагатайг Комиссын зүгээс илэрхийлэв. 

Мөн хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр үүсэж буй харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатайг дурдлаа. Тухайлбал, Шүгэл үлээгчийн тухай, Жагсаал цуглааны тухай, Хэвлэлийн эрх чөлөөний байдлын тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд удаашралтай байгааг онцлон тэмдэглэсэн юм. 

Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн мөрөөр Улсын Их Хурлаас баталсан тогтоолын хэрэгжилтийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон ХЭҮК-оос үнэлэхэд хэрэгжилт хангалтгүй дүн гарч байна. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам болон ХЭҮК хамтран тогтоолын хэрэгжилтийг биелүүлэх, бодит үр дүнд хүргэх хамтарсан төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.