Гомдол
“И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн үнэлгээ” судалгааны хэлэлцүүлэг боллоо

“И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн үнэлгээ” судалгааны хэлэлцүүлэг боллоо

2025.12.08 94
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс төрийн цахимжилтын үндсэн платформ болох И-Монгол системд иргэний улсын бүртгэлээс хувийн мэдээлэл дамжуулах, боловсруулах, ашиглах үйл явц нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэхийг үнэлэх, цаашдын бодлогын зөвлөмжийг хэлэлцэх “И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ” болон “Цахим нийтийн дэд бүтэц(DPI)-ийн хэрэгжилтийн хүртээмжийг хэмжих нь” судалгаануудын урьдчилсан үр дүнгийн хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.  

Хэлэлцүүлгийн нээлтэд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрью Бэрримэн нар оролцож, төрийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, мэдээллийн аюулгүй байдал болон хүний эрхийн хамгаалалтын тулгамдсан асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.  

ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалт болон И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн эрсдэлийн үнэлгээний зорилго, ач холбогдлын талаар танилцууллаа. Тэрээр цахим үйлчилгээний өсөлт нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх сайн талтай ч эрх зүйн зохицуулалт, хяналтын тогтолцоо сул байгааг хэллээ. 

“Өмгөөллийн ПрайсуотэрхаусКүүпэрс Легал” ХХН-ийн хуульч Б.Амарбат болон шинжээч Г.Халиун нар “И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ” судалгааны ажлын гол дүгнэлт, хүндрэл, боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. 

Мөн “Dalberg” олон улсын зөвлөх фирмийн төлөөллүүд Нийтийн цахим дэд бүтцийн хүртээмжийн (НЦДБХ) индексийн хүрээнд хүртээмжийг хэмжих аргачлал, үзүүлэлтийн онцлогийг, УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр иргэний улсын бүртгэлийн хөтлөлт болон хүний хувийн мэдээлэл хамгаалах бодит нөхцөл, зохицуулалтын талаар, И-Монгол академийн Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Д.Батболд И-Монгол систем дэх цахим үйлчилгээнд хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлыг хөндөж, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус тус илтгэл танилцуулав. 

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, цахим шилжилтийн үйл явцад хүний эрхийн зарчим, нийгмийн оролцоог хангах, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар санал солилцов. 

Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн “Өмгөөллийн ПрайсуотэрхаусКүүпэрс Легал” ХХН-ийн судлаач нарт болон судалгааны ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлсэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд талархал илэрхийлье.