Гомдол
ХЭҮК “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

ХЭҮК “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2025.11.28 86
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-н захиалгаар “Виндекс” ХХН нь “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг судалгааны үр дүн, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх зорилгоор холбогдох салбаруудаас мэдээлэл сонсох, санал солилцох хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Холидэй Инн” Улаабаатар зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн нээлтэд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните нар оролцож, цахим орчин дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтын хүрээнд хийгдэж буй “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны зорилго, ач холбогдлыг танилцуулж, цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүний эрхийн зөрчил гарах эрсдэл өндөр байгааг онцлов.

Мөн энэхүү судалгаанаас гарсан үр дүн, санал, зөвлөмжийг Виндекс ХХН-ийн партнер өмгөөлөгч, хуульч Б.Баялагмаа танилцуулав. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсад урьдчилсан цензур үүсгэх эрсдэлтэй хяналтаас зайлсхийж, олон улсын хүний эрхийн зарчимд нийцсэн зохицуулалт хийх, платформуудтай албан ёсны хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, ил тод байдлын стандартыг нэвтрүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах тусгай зохицуулалт бий болгох шаардлагатай онцоллоо.

Радбоуд их сургуулийн Дижиталчлал ба Нийгэм судалгааны төвийн профессор, доктор Фредерик Зуйдэрвэйн Боргесуйс судалгааны тайланд өгсөн санал, шүүмжээ танилцуулахдаа олон нийтийн сүлжээ нь мэдээлэл түгээх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай ч хүний хувийн нууц алдагдах, хүчирхийлэлд уриалах, сонгуулийн үйл явцад нөлөөлөх зэрэг ноцтой эрсдэл дагуулдгийг онцлов. Тэрээр ЮНЕСКО-ийн удирдамжийг иш татан, платформуудад Монгол хэлтэй модератор ажиллуулах, 24/7 харилцах суваг нээх, хүний эрхийг хүндэтгэх үүргийг хэрэгжүүлэх нь зайлшгүй болохыг тэмдэглэв.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, судалгааны үр дүнтэй танилцан, олон нийтийн сүлжээний зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлэв

Хэлэлцүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Европын холбоо болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газарт талархал илэрхийлье.