Гомдол
“Мэдэх эрх, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” судалгааны урьдчилсан дүнг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Мэдэх эрх, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” судалгааны урьдчилсан дүнг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2025.11.14 61
Сонсох

ХЭҮК-ын захиалгаар “Цогц хөгжлийн үндэсний төв’” НҮТББ-ын гүйцэтгэж буй “Мэдэх эрх, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” судалгааны урьдчилсан дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.11.14) зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд ХЭҮК, “Глоб Интернэшнл төв” ТББ, Канад Улсын Хууль ба ардчилал төвтэй хамтран гүйцэтгэсэн “Мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийн цогц үнэлгээ”-г мөн танилцуулав.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийн цогц үнэлгээ”-г олон улсад туршигдсан аргачлалын дагуу гүйцэтгэснийг дурдлаа. Харин “Мэдэх эрх, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” судалгаа нь Монгол Улсын хууль тогтоомж олон улсын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тодорхойлох, улмаар Монгол Улсад мэдэх эрхийн хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг үнэлэх зорилготой” гэдгийг хэллээ. Мөн тэрээр эдгээр судалгааны үр дүнд тулгуурлан 2026 оны УИХ-д хүргүүлэх Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд мэдэх эрхийн төлөв байдлыг тусгах талаар онцлов.

Хэлэлцүүлэгт Канадын “Хууль ба Ардчиллын төв”-ийн гүйцэтгэх захирал Тоби Мендел “Олон улс дахь мэдэх эрх, мэдээллийн ил тод байдлын хууль, туршлага”-ын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол Улсын нийслэл, орон нутгийн 20 байгууллагын мэдээллийн ил тод байдлыг түүвэрлэн судалсан үр дүнг танилцуулав. Судалгааг байгууллагуудын вэбсайт, имэйл харилцаа болон хүсэлтээр мэдээлэл авах аргачлалаар, дөрвөн үндсэн үзүүлэлтийн хүрээнд хэрэгжүүлжээ. Судалгаанд хэрэглэж буй аргачлал нь объектив үнэлгээ, онооны системд тулгуурладаг гэдгийг тайлбарлав. Мөн байгууллагуудын хяналтын тогтолцоо, өөрийн санаачилгаар болон хүсэлтийн дагуу мэдээлэл нийтэлдэг байдлыг харьцуулан үнэлж, тус бүрт зөвлөмж боловсруулсан тухай танилцууллаа.

“Цогц хөгжлийн үндэсний төв” НҮТББ-ын хуульч Ө.Төрболд, “Глоб Интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн нар “Мэдэх эрх, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” судалгааны урьдчилсан дүнг танилцуулж, Монгол Улсад эрх зүйн орчин бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй, мэдээлэл нийтлэх үүрэг сонголтын шинжтэй, төрийн болон албаны нууцын зохицуулалт хэт өргөн, мэдээлэл өгөх хугацааг мөрдөхгүй байх, давж заалдах механизм сул зэрэг асуудлыг онцоллоо. Судалгааны багийн зүгээс ил тод байдлын хязгаарлалтыг нарийвчлах, мэдээлэх үүргийг хуульчилж заавал биелүүлэх болгох, хяналтын механизмыг бэхжүүлэх, мэдээлэл хариуцагчдын чадавх болон ил тод байдлын соёлыг сайжруулах зэрэг бодлогын зөвлөмжийг дэвшүүлэв.

Хэлэлцүүлэгт АТГ, ХЗДХЯ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид нийт 45 хүн оролцож судалгааны дүнтэй холбоотой байр сууриа илэрхийлж, санал хэллээ.