Гомдол
ХЭҮК “Камерын хяналт, аюулгүй байдал, халдашгүй байх эрх” хэлэлцүүлэг зохион байгууллаа

ХЭҮК “Камерын хяналт, аюулгүй байдал, халдашгүй байх эрх” хэлэлцүүлэг зохион байгууллаа

2025.11.12 80
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Камерын хяналт, аюулгүй байдал, халдашгүй байх эрх” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд зохион байгууллаа.  

Хэлэлцүүлгийн зорилго нь теле хяналтын камерын хэрэглээ, ашиглалтын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийн баталгааг бэхжүүлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд оршино.  

ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа хэлэлцүүлгийг нээж, нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий камерын хяналтын системийн хэрэглээ нь хүний эрхийн зарчим болон “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн шаардлагад нийцсэн байх ёстойг онцолсон юм.  

Түүнчлэн, тэрээр “Олон нийтийн орон зайд суурилуулж буй хяналтын камерын эрх зүйн зохицуулалт, хүний эрхийн анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдлын тэнцвэрийг хангах бодлогын зөвлөмжийн талаар танилцууллаа.  

Цагдаагийн ерөнхий газрын дэд хурандаа М.Болор-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 86 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар илтгэл тавьж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд теле хяналтын үүргийг тодотголоо.  

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа Нийслэлийн теле камерын хяналтын нэгдсэн болон дэд төвийн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журмын талаар танилцуулав. Мөн “Эмнести интернэшнл” НҮТББ-ын захирал Б.Алтантуяа царай таних технологийн хэрэглээтэй холбоотой хүний эрхийн эрсдэл, хууль зүйн зохицуулалтын шаардлагын талаар байр сууриа илэрхийлэв.  

Хэлэлцүүлэгт төрийн болон орон нутгийн байгууллага, дүүргүүдийн теле хяналтын дэд төвийн төлөөлөгчид, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид зэрэг 50 гаруй хүн оролцлоо.