Гомдол
ХЭҮК, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүдтэй санал солилцов

ХЭҮК, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүдтэй санал солилцов

2025.10.27 188
Сонсох

ХЭҮК, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/ Ази, Номхон далайн бүсийн товчооны Ажлын байр, аж ахуйн нэгж байгууллагын хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ноён Кэлвин Сержент, мөн байгууллагын Женев дэх товчооны Бизнес болон үндэстэн дамнасан корпорацийн асуудал хариуцсан мэргэжилтэн хатагтай Юля Гершенкова, ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан Суурин төлөөлөгчийн газрын төслийн зохицуулагч М.Жавзандулам нарыг өнөөдөр /2025.10.13/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн референт Ц.Рэнцэндулам, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан мөн оролцсон юм.

Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир ХЭҮК хүний эрхийг хамгаалахад тогтолцооны хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Мөн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх, хүний эрхийн боловсрол түгээх, хууль журамд санал өгөх, тухайлсан сэдвээр судалгаа дүн шинжилгээ хийх зэрэг бусад чиг үүргийнхээ талаар болон Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг боловсруулж, Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлсэн. Түүнчлэн Комисст жилд дунджаар 1000 гаруй өргөдөл, гомдол иргэдийн 10 хувийг хөдөлмөрийн маргаан эзэлж буйг Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар танилцууллаа.

Ноён Кэлвин Сержент, Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь хөдөлмөрлөх эрхийн үндсэн болон суурийн зарчимд нийцсэн зохистой хөдөлмөрийг хөгжүүлэх, сайжруулах чиглэлээр Засгийн газар, ажил олгогч, ажилтан гэсэн гурван талт үйл ажиллагааг ханган бэхжүүлэх чиглэлээр ажилладаг НҮБ-ын ганц байгууллага бөгөөд хөдөлмөр эрхлэх нь хүний үндсэн эрх болохыг онцлов.

Хатагтай Юля Гершенкова, ОУХБ-аас үндэстэн дамнасан корпорациудад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үзүүлдэг дэмжлэг, туслалцаа, зөвлөгөөний талаар мэдээлэл өгч, "Үндэстэн дамнасан корпорацын тухай ОУХБ-ын тунхаглал"-ыг монгол хэлнээ орчуулснаа гардуулав.

Түүнчлэн энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлалын гол зорилго энэ сарын 14-16-ны өдөр зохион байгуулах “Нийгмийн түншлэгч талуудын хэлэлцүүлэг”-т МҮХАҮТ, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулан хариуцлагатай бизнес, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван талт зөвлөлдөх уулзалтын талаар товч мэдээллээ.

Тус зөвлөлдөх уулзалт ОУХБ-аас Монгол Улс Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөл боловсруулж буй цаг хугацаатай давхацсанд олзуурхаж буйгаа илэрхийлсэн бөгөөд дээрх үндэсний хөтөлбөрийн төсөлд хөдөлмөрлөх эрхийн талаар тодорхой тусгахад техникийн туслалцаа үзүүлэх боломжтойг илэрхийлэв.

Талууд Хүний эрх ба бизнесийн зарчим, хөдөлмөрлөх эрх, Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр, Үндэстэн дамнасан корпорацуудын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тунхаглалыг Монгол Улсад хэрхэн хэрэгжүүлэх, Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг хангах, сургалт зохион байгуулах үүргийг хэрэгжүүлэх тухай болон бусад асуудлаар санал солилцов. Түүнчлэн ХЭҮК-той мэдээлэл солилцох, Тамгын газрын албан хаагчдыг чадавхжуулах сургалт, хөтөлбөрт хамруулах зэрэг өргөн сэдвээр ярилцаж хамтран ажиллах талаар ярилцлаа.