Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комисс Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллалаа

2025.10.23 73
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд суманд 10 дугаар сарын 22-ны өдөр ажиллалаа.


Энэ хүрээнд Сайншанд сумын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Комиссоос аймагт хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар ярилцаж санал, мэдээлэл солилцов.


Мөн Хүний эрхийн индекс боловсруулах ажлын хүрээнд тус сумын төрийн 50 удирдах албан хаагч, 128 төрийн албан хаагчдад индексийн зорилго, ач холбогдлыг танилцуулж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Оролцогчид хүний эрхийн хэрэгжилтийг бодитоор үнэлэх, хүний эрхийн хамгаалалтыг сайжруулахад хувь нэмрээ оруулах чухал болохыг дурдсан.

Түүнчлэн Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг иргэд, төрийн албан хаагчдад танилцуулж, 40 гаруй иргэн, төрийн албан хаагч санал асуулгаар санал өгөв. Оролцогчид дараах асуудлуудыг онцолсон юм.



Үүнд:

  • Орон нутгийн иргэд нийгмийн бүхий л харилцаанд бие биеэ хүндэтгэх хүний эрхийн соёлд суралцах, орон нутгаа гэх сэтгэлтэй байх;
  •  
  • Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймгийн удирдлагууд нутгийн өөрөө удирдах ёсыг хүндэтгэж, сумын төрийн албан хаагчдын томилгоонд оролцохгүй нөлөөлөхгүй байх;
  •  
  • Орон нутгийн төсвийн хязгаарлагдмал байдал, дэд бүтэц, засмал зам тавих ажилд онцгой анхаарах;
  •  
  • Тоосжилт, орчны бохирдол, аюултай хог хаягдал, хөрсний бохирдол, ундны усны асуудалд анхаарч, нийтийн цэвэрлэгээг зөв зохион байгуулалттай хийх, хогийн цэгийг цэвэрлэж хашаалах зэргээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах;
  •  
  • Шинээр батлагдсан хууль тогтоомжийг тухай бүр иргэдэд таниулж хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх;
  •  
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр эмнэлэг барих, нарийн мэргэжлийн эмч, эрүүл мэндийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх, хүний нөөцөөр хангах;
  •  
  • Аймгийн ЗДТГ, ИТХ-аас төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах үр дүнтэй бодлогын үйл ажиллагаа явуулах.
  •  


Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комисс төрийн тусгай, захиргаа, үйлчилгээний албан хаагчдад “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээ” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалт нь оролцогчдын хүний эрхийн ойлголтыг бататгахын зэрэгцээ хүний эрхийн зөрчлийг таньж мэдэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүн төвтэй, хүний аюулгүй байдлыг хангасан, хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм.