Гомдол
“Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдвээр олон талт уулзалт зохион байгууллаа

“Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдвээр олон талт уулзалт зохион байгууллаа

2025.10.21 56
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдвээр олон талт уулзалтыг өнөөдөр /2025.10.21/ зохион байгууллаа.

Уулзалтыг нээж ХЭҮК-ын дарга, доктор Д.Сүнжид үг хэллээ. Тэрээр Комисс нь “Хүний эрхийн талаарх олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах эсэх талаар санал хүргүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний хороодод мэдээлэл хүргүүлэх”, “Хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах” чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2007 оны илтгэлд хүний эрхийн талаарх гэрээний тайлагналтын байдал, 2013 оны илтгэлд НҮБ-ын хүний эрхийн байгууллагуудаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, 2018 оны илтгэлд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт сэдвээр илтгэлд тусгаж УИХ-д хүргүүлсэн.

Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн гэрээний хороодод Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн талаар Комиссоос 12 удаагийн хөндлөнгийн илтгэл хүргүүлсэн.

Үүнд:

- Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын тайлан (UPR) 2011, 2015, 2020, 2025 онд;

- Иргэний болон улс төрийн эрх тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаар 2024.01.09, 2017.06.23;

- Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаар 2022.05.27, 2016.01.22 V-VII ээлжит хуралд;

- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн талаар 2018.08.07;

- Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаар 2024.09.30, 2016.07.13;

- Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенцын хэрэгжилтийн талаар 2020.03.13.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор ээлжит 24 дэх уулзалтаар олон улсын гэрээ, тайлангийн хэрэгжилт, зөвлөмжийн биелэлт, үр дүнг дээшлүүлэх арга замыг хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр илтгэлийг хэлэлцэх гэж буй цаг мөчид зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд уг зөвлөмжийн хэрэгжилт, тайлагналтын үйл явц, талуудын оролцооны байдал сэдвээр ГХЯ-аас уулзалтын үеэр танилцуулсан.

Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал, ХЭҮК-ын дарга, доктор Д.Сүнжид, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, ХЭҮК-ын гишүүн С.Дондов, ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, ХЭҮК-ын гишүүн, доктор Б.Энхболд болон төр, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Монгол Улсын нэгдэн орсон хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой суурь 8 гэрээ, конвенцын хэрэгжилтийг гарган тайлагналт,НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай процедурын (хараат бус шинжээч, тусгай илтгэгч, ажлын хэсэг) мандат эзэмшигчдээс өгсөн зөвлөмжүүдийг хууль тогтоомжид тусгаж буй байдал, НҮБ-ын Тусгай илтгэгчээс өгсөн зөвлөмж, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн НҮБ-ын гэрээний хороодоос гарч буй ерөнхий тайлбарыг хууль сахиулах салбар, шүүхийн практикт хэрэглэж буй байдлын талаар оролцогчид санал солилцлоо.