Гомдол
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчдыг Хүний эрх ба цахим технологи сургалтад хамрууллаа

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчдыг Хүний эрх ба цахим технологи сургалтад хамрууллаа

2025.10.10 60
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй өдөр арга хэмжээг орон нутагт зохион байгуулж байна. Энэ хүрээнд 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын, 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нийт 130 гаруй төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай байгууллагын алба хаагчдыг Хүний эрх ба цахим технологи сургалтад хамрууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа сургалтын эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд Комисс ямар үүрэг гүйцэтгэдэг талаар болон орон нутагт зохион байгуулдаг нээлттэй өдрийн арга хэмжээний ач холбогдол, онцлогийг тайлбарлалаа.

Түүнчлэн холбогдох хууль батлагдсанаар ажиллаж эхэлсэн Комиссын Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтсийн гүйцэтгэх чиг үүргийн талаар онцолж, Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд хүний эрх, хувийн мэдээллийг хамгаалах тогтолцоо хэрхэн тусгагдсан талаарх мэдээллийг өгсөн юм. Улмаар цахим технологийн хэрэглээнээс үүдэн гарч буй хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийг тайлбарлан таниулахын зэрэгцээ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд туссан Хүний эрх ба цахим технологийн асуудлыг танилцууллаа. Мөн сургалтыг хөтлөн явуулсан Комиссын гишүүн болон албан хаагчид оролцогчдын сонирхсон асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ удаагийн сургалтын хөтөлбөрт Хүний эрх ба цахим технологи, төрийн албан хаагчдын хуний хувийн мэдээлэл хамгаалахтай холбогдон хуулиар хулээж буй үүрэг хариуцлага, хүний хувийн мэдээлэл хариуцахтай холбоотой анхаарах асуудлууд болон үүсэж болзошгүй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг агуулгыг багтаасан Хүний хувийн мэдээллээ хамгаалахад анхаарах асуудлууд, Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг сургалт мэдээллүүд багтсан юм.