Гомдол
Багш нар нийгмийн бухимдлаа сурагчдад гарган хүүхдийн эрхийг зөрчиж байна гэв

Багш нар нийгмийн бухимдлаа сурагчдад гарган хүүхдийн эрхийг зөрчиж байна гэв

2025.10.10 105
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй өдөр арга хэмжээг /2025.10.08/ Дархан-Уул аймагт зохион байгууллаа.  

Өдөрлөгийн хүрээнд аймгийн Засаг дарга, Прокурорын болон Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын болон бусад төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.  

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Б. Азжаргал боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг онцоллоо. Ерөнхий боловсролын сургуулиудад үе тэнгийн дээрэлхлэлт, ялгаварлан гадуурхалт гарсаар байна. Мөн багш нарын тухайд хувийн үзэл бодлоо сурагчдад тулгах, нийгмийн бухимдлаа сурагчдад гарган хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж буй талаар ярив. Тиймээс багш нарт сэтгэл зүйн болон харилцааны эерэг хандлага түгээх,  ёс зүйн асуудлыг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлсэн.   

Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын зөвлөх Б.Ууганбаатарын мэдээлснээр, зорчих эрхийн хүрээнд цахим гаванд ашигладаг батарейнаас  үүдэлтэй зорчих эрхээ хасуулсан хүний гар шархлах эрсдэл гарсаар байна. Мөн тухайн хүн зүүх гавныхаа төлбөрийг өөрөө төлдөг учир давхар шийтгэл хүлээж буйг хэллээ.   

Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Нацагдорж гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд 30-42 хувиар өсөж байна. Ялангуяа цахим орчны залилангийн гэмт хэрэг нэмэгдэж, бусдын нэр, банкны дансыг ашиглан хохирол учруулах тохиолдол олноор гарч байгаа бөгөөд ирлүүлэлт хангалтгүй. Техник технологи хүн хүчний хувьд  дутагдалтай байгааг илэрхийлж байлаа. 

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Теле камерын хяналтын дэд төв, шүүх, хууль сахиулах болон холбогдох бусад төрийн байгууллагын хүний хувийн мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж буй талаарх үйл ажиллагаатай танилцаж Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.