Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллаж байна

2025.09.25 86
Сонсох

Хүний эрхийн Үндэсний комиссоос “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд хүн ам олноор төвлөрсөн сумдын төрийн захиргааны байгууллагын ажилтнууд,иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдэд, хүний эрхийн боловсрол олгох сургалт хийж зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумд хоёр өдөр ажиллаж байгаа бөгөөд Сайхан сумын 1, 3, 4 багийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж хүний эрхийн тулгамдсан асуудлын талаар санал, хүсэлтийг сонсож, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Иргэдээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг олгохдоо хүний биометрик мэдээлэл авдаг болсонтой холбоотойгоор эмээ тогтмол авч чадахгүй байх, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас “Хөтөл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс гэмтэл авсан иргэний хохирол бүрэн төлөгдөхгүй байгаа тухай, хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй лаборантууд өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй асуудал үүссэн, Сайхан сумын ахмадын хороо үйл ажиллагаагаа жигд хүртээмжтэй явуулахад байрны асуудлыг шийдэж чадахгүй байгаа зэрэг олон санал хүсэлтүүдийг холбогдох эрх бүхий байгууллагад уламжилж өгөхийг хүслээ.

Ажлын хэсгээс Сайхан сумын Сум дундын эмнэлэгт хяналт шалгалт хийлээ. Тус эмнэлэг нь улсын төсвийн 65 ортой 2 эмнэлэг, 5 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 12 их эмч, 43 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Эмнэлгийн байр 1983 онд баригдсан гэх боловч өнөөдрийг хүртэл улсын комисс ашиглалтад авч байгаагүй, аж ахуйн аргаар баригдсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх наад захын стандартгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байх тул холбогдох мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж шийдвэртэй арга хэмжээ авч ажиллах талаар Комиссын гишүүн С.Дондов сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүдийн хуралд биечлэн танилцуулав.

Мөн хөтөлбөрийн дагуу Сайхан сумын Номгон багийн ерөнхий боловсролын дунд сургууль, дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангахад сургуулийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн орчныг сайжруулах, зарим тоног төхөөрөмжүүдийг засварлах, нэмж авах, талаар удирдлагуудад зөвлөгөө өгч, дулааны шугам хоолойн шинэчлэлийн төсвийг шийдэж анхаарч ажиллахыг мөн Иргэдийн хуралд танилцуулж чиглэл өглөө. Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчдад “Хүний эрх хамгаалагч гэж хэн бэ” сургалтыг зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов Сайхан сумын Иргэдийн төлөөлөөгчдийн хурлын нийт гишүүдийн хуралд “ Хүний эрхийн мэдлэг, хандлагад суурилсан шийдвэр гаргах” сургалт хийж нийт гишүүд, аймгийн удирдлагуудад хоёр өдрийн хугацаанд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтүүд, хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэх уулзалт хийж газар дээр нь шийдвэрлэх боломжтой асуудлуудыг шийдвэрлүүлэх, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээллийг өгч ажиллалаа.