Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хүний эрхийн Үндэсний Комисс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2025.09.12 71
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа өнөөдөр /2025.09.12/ Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтын үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалах тогтолцоо хэрхэн тусгагдсан байдал, шинэ технологийн хэрэглээнээс үүдэх хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийг үнэлэх талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн үндэсний хэмжээнд хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Технологи ба хүний эрх” нээлттэй хяналт шалгалтын үр дүнг танилцуулсан юм.

Мөн “Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хувийн мэдээллийн эрсдэл” сэдвээр олон улсын болон үндэсний зөвлөхүүдтэй хамтран хийж буй судалгааны талаар болон НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч хатагтай Др. Ана Брайан Нугререс Монгол Улсад ажилласан болон ирэх арванхоёр дугаар сард олон нийтэд тайлангаа танилцуулах талаар мэдээлэл хүргэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар цахим технологи улсын хөгжилд чухал нөлөөтэй ч хүний хувийн мэдээллийг байнга цуглуулж байдгаараа өндөр эрсдэл дагуулдаг. Цахим орчин хурдацтай хөгжиж буй өнөө үед хүний хувийн мэдээллийг хууль эрх зүйн хүрээнд хамгаалж, эрсдэлийг тооцож ажиллах нь чухал гэдгийг дурдав. Мөн тус яамнаас 2025 онд багтаан мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийн зохицуулалтын журам батлахаар ажиллаж буйг танилцуулсан юм. Түүнчлэн, хиймэл оюуны асуудлаар Засгийн газар үндэсний стратеги боловсруулж, цахим хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгааг илэрхийллээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай цаашид олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллахад санал нэгдэв.